Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн 25 дахь Сайд нарын бага хурал есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо болно.

Монгол Улс энэ онд КАРЕК-ийг даргалж буй бөгөөд ойн хурлаар өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, дараагийн үеийн худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр, дижитал холболтын чиглэлийг тодорхойлох юм.

КАРЕК-ийн 25 дахь Сайд нарын бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан МҮХАҮТ, ЭЗХЯ-ны төлөөллүүд өчигдөр (2026.09.25) "Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб"-ын гишүүдтэй уулзаж, мэдээлэл өглөө. 

No description available.

2001 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн КАРЕК өнөөдөр 11 гишүүн улс болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон хөтөлбөр болжээ.

2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар КАРЕК-ийн хүрээнд 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 300 бүс нутгийн төсөл хэрэгжсэн байна. Эдгээр төсөл нь тээвэр, худалдаа, эрчим хүч, эдийн засгийн коридор, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, ус, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарыг хамарчээ.

КАРЕК-ийн гол онцлог нь улс орнуудын бодлогын яриа хэлэлцүүлгийг бодит төсөл, хөрөнгө оруулалт, техникийн туслалцаа болон хувийн хэвшлийн оролцоотой холбодогт оршдог.

Монгол Улс 2003 оноос КАРЕК-ийн гишүүн

Монгол Улс КАРЕК-т 2003 онд нэгдсэн бөгөөд өнөөг хүртэл тус хөтөлбөрийн хүрээнд нийт 19 төсөлд 1.49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн буюу хэрэгжиж байгаа аж. Үүнээс 11 төсөл идэвхтэй хэрэгжиж буй бол найман төсөл амжилттай хаагджээ.

Нийт хөрөнгө оруулалтын 68.9 хувь буюу ойролцоогоор нэг тэрбум ам.доллар нь тээврийн салбарт чиглэсэн байна. Харин хөдөө аж ахуйн салбарт 270 сая, худалдааны салбарт 193.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус ногджээ.

Монгол Улсад хэрэгжсэн төслүүдийн дунд Замын-Үүд дэх логистикийн хөгжил, хилийн боомтуудын шинэчлэл, Чойр–Замын-Үүд чиглэлийн авто зам, баруун бүсийн замын коридор зэрэг төсөл багтдаг. Эдгээр нь экспорт, импортын урсгалыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах, Монгол Улсын бүс нутгийн худалдааны холболтыг сайжруулахад чиглэсэн байна.

Монгол Улс 2015 онд КАРЕК-ийн Сайд нарын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бол энэ онд тус хөтөлбөрийг даргалж, 25 дахь удаагийн хурлыг дахин эх орондоо хүлээн авч буй юм.

Дараагийн шатанд юу яригдах вэ?

Энэ удаагийн Сайд нарын бага хурлаар өнгөрсөн 25 жилийн үр дүнг дүгнэхийн зэрэгцээ КАРЕК-ийн дараагийн үеийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь.

Бэлтгэл уулзалтуудаар эдийн засгийн коридор, дижитал коридор ба хиймэл оюун ухаан, худалдаа ба хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөрөнгийн зах зээл зэрэг чиглэлийг тэргүүлэх асуудлаар авч үзжээ.

No description available.

Эдийн засгийн коридорын хүрээнд тээвэр, худалдаа, логистикийн уялдааг сайжруулах асуудал хөндөгдөх бол дижитал коридорын хүрээнд шинэ технологи, хиймэл оюун ухаан, бүс нутгийн дижитал холболтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэх юм байна.

Мөн эрчим хүчний аюулгүй байдал, бүс нутгийн эрчим хүчний худалдаа, хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа, шинэ санхүүжилтийн боломжууд ч хурлын гол сэдэв байх ажээ.

Энэ хүрээнд CAREC Digital Corridor, Pan-Asia Power Grid Initiative, CAREC Chambers Alliance, чухал ашигт малтмалыг боловсруулах үйлдвэрлэлтэй холбох санхүүжилтийн түншлэл зэрэг шинэ санаачилгуудыг урагшлуулахаар ажиллаж буй юм байна.

Монголын бизнес эрхлэгчдэд шинэ боломж

КАРЕК-25-ын хүрээнд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд CAREC Business Forum зохион байгуулагдана. Тус форумд хувийн хэвшил, төрийн байгууллага, бизнесийн холбоод, хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүдээс 250 орчим оролцогч оролцохоор төлөвлөжээ.

Бизнес форумын гол сэдэв ногоон эрчим хүч, ухаалаг тээвэр ба логистик, чухал ашигт малтмал байна.

Ногоон эрчим хүчний хүрээнд сэргээгдэх эрчим хүч, бүс нутгийн эрчим хүчний худалдаа, ухаалаг сүлжээ, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэх бол тээвэр, логистикийн чиглэлд эдийн засгийн коридор, мультимодал тээвэр, дижитал болон ногоон тээврийн шийдлийг авч үзэх нь.

Харин чухал ашигт малтмалын салбарт түүхий эдийг зөвхөн экспортлохоос илүүтэй нэмүү өртөг шингээх, боловсруулах үйлдвэрлэлтэй холбох, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгох асуудалд анхаарах аж.

Мөн B2B болон B2G уулзалтаар Монголын компаниуд бүс нутгийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтай шууд харилцах боломжтой юм байна.

No description available.

Улаанбаатарын тунхаглал гарна

КАРЕК-25-ын нэг гол үр дүн нь Улаанбаатарын тунхаглал байх юм. Уг баримт бичиг КАРЕК-ийн дараагийн үеийн хамтын ажиллагааны улс төрийн түвшний чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Бэлтгэл ажлын хүрээнд КАРЕК-ийн 2030 оноос цааших хөгжлийн алсын харааг 25 жилийн ойтой уялдуулахын зэрэгцээ геополитикийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт, дижитал шилжилт, худалдааны шинэ нөхцөл, шинээр бий болж буй салбаруудыг харгалзан үзэж буй.

Иймд энэ удаагийн хурлаар зөвхөн өнгөрсөн хугацааны төслүүдийг дүгнэх бус, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид ямар хэлбэрээр хөгжихийг тодорхойлох асуудалд анхаарах аж.

Монголын хувьд ямар ач холбогдолтой вэ?

Монгол Улсын хувьд КАРЕК-ийн дараагийн үеийн хамтын ажиллагаа нь тээвэр, боомт, худалдааны уламжлалт төслүүдээс гадна дижитал холболт, ногоон эрчим хүч, чухал ашигт малтмал, хөрөнгийн зах зээл, ухаалаг логистик зэрэг шинэ чиглэлд оролцоогоо өргөжүүлэх боломжийг бий болгож байна.

Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн 19 төсөл, 1.49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын туршлага дээр тулгуурлан цаашдын төслүүдийг хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллага болон хувийн хөрөнгө оруулагчидтай холбох боломжтой.

Ийнхүү КАРЕК-ийн 25 жилийн ой Монголын хувьд өнгөрсөн хамтын ажиллагаагаа дүгнэхээс гадна бүс нутгийн эдийн засгийн шинэ боломжуудад хэрхэн байр сууриа эзлэх вэ гэдгийг тодорхойлох үе болж байна.

25 жилийн хугацаанд 300 төсөл, 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бий болгосон КАРЕК-ийн дараагийн 25 жил Улаанбаатараас эхлэх шинэ чиглэлүүдээр үргэлжлэх төлөвтэй.