Иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг ОХУ-аас Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.
Түүнийг 2026 оны есдүгээр сарын 23-ны 15:00 цагийн орчимд ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор хүлээн авах ажиллагааг Интерпол болон Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албаны алба хаагчид зохион байгуулсан байна.
Улмаар цагдаагийн алба хаагчид Д.Отгонбаярыг мөн өдрийн 20:00 цагийн орчимд Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг танилцуулан, цагдан хорих 461 дүгээр ангид хүргэжээ.
Иргэдээс байрны төлбөр нэрээр их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт шалгагдаж байжээ
Д.Отгонбаяр “Хурд” группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Тангас”, “Гэрэлт есөн од” зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Тэрбээр тус группийн хэрэгжүүлсэн төслүүдээс байр худалдана гэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө авч, залилан мэхэлсэн хэрэгт шалгагдаж байгаа аж.
Тодруулбал, Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт иргэдийг залилан мэхэлж, нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна.
Д.Отгонбаяр 2014 оноос “Хурд” группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэгт шалгагдаж байх үедээ буюу 2024 оны арваннэгдүгээр сард оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж байжээ.
Тэрбээр 2025 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт хил зөрчин нэвтрэх үедээ саатуулагдаж, тус улсын шүүхийн шийдвэрээр нэг жил гаруй хугацаанд хоригдсон байна. Харин Монголын тал түүнийг дээрх хугацааны дараа хүлээн авч, эх оронд нь шилжүүлэн авчирсан нь энэ аж.
Эхнэр Э.Гэрэлмааг мөн яллагдагчаар татжээ
Д.Отгонбаярын эхнэр Э.Гэрэлмаа өмнө нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Түүнийг мөн дээрх залилангийн хэрэгт яллагдагчаар татсан, одоогийн байдлаар Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон байна.