Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татан, 2021 оноос хойш шалгасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэрэг нь “Капитал” банктай холбоотой болох талаар мэдээлсэн. Тодруулбал, Н.Баяртсайханыг үндэслэлгүй гэрээ баталж, “Капитал” банкны эх үүсвэрээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудад эд хөрөнгийн давуу байдал бий болгосон гэж буруутгаж, үүний улмаас тус банкинд 1.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан гэх мэдээлэл гарч байв.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хэргийг 2026 оны зургадугаар сард шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Н.Баяртсайхан 2019 онд Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Түүнийг өмнө нь гадаадад гарсан, эрэн сурвалжлагдаж байсан, “Шувуу” ажиллагааны хүрээнд 2024 оны аравдугаар сард Монголд ирсний дараа хууль сахиулах байгууллагаас саатуулсан талаар мэдээлж байв.

Тухайн үед 48 цагийн хугацаатай саатуулсны дараа суллаж, гадаадад зорчих эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ч мэдээлсэн билээ.