Засгийн газрын ээлжит хуралдаанаар Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар шийдлээ.
Үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг НИТХ-ын шийдвэрээр тогтоох юм.
Ерөнхий сайд Н.Учрал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах зорилгоор жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 МВт дулааны цахилгаан станц бүхий нүүрс-пиролизийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхэлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг үүрэг болгосон.
"Чингис хаан баялгийн сан" нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг "Эрдэнэс ҮТП" ХХК-иар, нийслэл өөрийн хувийг "Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК" ХХК-иар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын тогтоолыг баталснаар төрийн түншлэгчийн эрх зүйн этгээдийг тодорхой болгож, сонгон шалгаруулалт, түншлэлийн гэрээ, бүтээн байгуулалтын бэлтгэлийг хангах нөхцөл бүрдэх юм.