АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Хятад улс Америкийн "Boeing" компанийн 200 зорчигч тээврийн онгоц худалдан авахаар тохиролцсон тухай мэдэгдэв.
Тэрбээр тавдугаар сарын 14-нд Fox News телевизэд ярилцлага өгөхдөө “Boeing 150 онгоц захиалахыг хүсэж байсан. Харин тэд 200 онгоцны гэрээ байгуулж чадлаа” хэмээн онцолсон байна. Трамп мөн энэхүү хэлцлийг АНУ-ын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үнэлж, “Энэ бол маш олон ажлын байр бий болгох томоохон гэрээ” гэж мэдэгджээ.
Үүнээс өмнө Америкийн хэвлэлүүд Хятад улс ойролцоогоор 500 ширхэг Boeing 737 MAX загварын нарийн их биетэй онгоц, түүнчлэн 100 орчим том оврын онгоц, тухайлбал Boeing 787 Dreamliner болон Boeing 777 загварууд захиалж магадгүй талаар мэдээлж байв.
Гэвч Трампын ярилцлагын хэсгүүд олон нийтэд цацагдсаны дараа зах зээл дээрх хүлээлт буурч, Boeing компанийн хувьцааны ханш унасан байна. Шинжээчдийн үзэж буйгаар, хөрөнгө оруулагчид илүү их хэмжээний захиалга зарлагдана гэж найдаж байжээ.
"Boeing" компанийн гүйцэтгэх захирал Келли Ортберг АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Бээжингийн хэлэлцээнд оролцсон байна. Харин Boeing компани Трампын мэдэгдэлд одоогийн байдлаар албан ёсны тайлбар өгөөгүй байгаа аж.
Үүнээс өмнө АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Трампын Хятадад хийж буй айлчлал "Boeing" компанийн томоохон захиалгаар өндөрлөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.
Трамп: Ши Жиньпин Ираны асуудлаар туслах санал тавьсан
Трамп мөн дээрх ярилцлагын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ираны асуудлаарх хэлэлцээ, тохиролцоонд дэмжлэг үзүүлэх санал гаргасан тухай дурдсан байна. Тэрбээр Ши Жиньпиний “Би ямар нэг байдлаар тусалж чадах бол баяртайгаар туслахад бэлэн байна” гэж хэлснийг иш татан онцолжээ.
Сэтгүүлчийн тодруулсан асуултад хариулахдаа Трамп Ши Жиньпин үнэхээр ийм санал хэлснийг баталсан байна. Трампын хэлснээр, Ши Жиньпин Ормузын хоолойн тээврийг хэвийн байдалд оруулж, дахин нээх асуудалд онцгой анхаарал хандуулж буйгаа илэрхийлжээ.
Дэлхийн эрчим хүчний худалдаанд стратегийн асар өндөр ач холбогдолтой Ормузын хоолой АНУ болон Израилийн Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны дараа бараг хаагдсан бөгөөд үүний улмаас газрын тосны экспорт, далайн тээвэрт ноцтой хүндрэл үүсээд байгаа билээ.
Хятад улс Ираны нефтийн хамгийн том импортлогч орны хувьд Ормузын хоолойн тээврийг хэвийн ажиллагаанд оруулах онцгой сонирхолтой байгаа аж. Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид Хятадаас ямар нэгэн тусламж хүсээгүй. Мөн тэдний дэмжлэг шаардлагагүй” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр Трамп зөвхөн бүс нутгийн нөхцөл байдлын талаар Ши Жиньпинд мэдээлэл өгсөн болохоос ямар нэгэн зуучлал хүсээгүй гэж тайлбарласан байна.
Эх сурвалж: DW