Монгол Улс, БНХАУ төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцлоо.
БНХАУ-д айлчилж буй Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид “Чайна Энержи Инвестмент Групп” ХХК-ийн дэд ерөнхий захирал Фү Жэньбан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл, нүүрс тээвэр, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл зэрэг асуудлаар санал солилцжээ.
Уулзалтаар төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хил дамнасан төмөр замын холболтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тээврийн хүчин чадлыг нэмэх асуудлыг хэлэлцсэн байна.
Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Талууд Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хуваарийн дагуу дуусгаж, төмөр замын боомтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг хангах шаардлагатайг онцолжээ.
Уг төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой уурхайгаас Тавантолгой өртөө хүртэлх төмөр зам болон ачилт, буулгалтын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой техник, эдийн засгийн судалгаа, төлөвлөлтийг хамтран эхлүүлэх боломжтой талаар ярилцсан байна.
Мөн нүүрс тээврийн хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж, боомтын татан авалт болон тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Цаашид өсөн нэмэгдэх тээврийн хэрэгцээг хангахын тулд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг БНХАУ-аас худалдан авах, үүнд шаардлагатай санхүүжилт, экспортын зээлийн даатгал болон бусад хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг мөн хөндсөн байна.
Бусад хил дамнасан төмөр замын төслүүдийг ахиулна
Монголын тал Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай уялдуулан Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги-Мандал чиглэлийн хил дамнасан төмөр замын төслүүдийн хэрэгжилтийг үе шаттай ахиулах шаардлагатайг онцолжээ.
Түүнчлэн төмөр замын тээврийн тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангахын тулд ажилтнуудын амьдрах орчин, нийгмийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах санал гаргасан байна.