Криптовалютын зах зээлийн тэргүүлэгч биткойны ханш есдүгээр сарын 21-нд 85 мянган ам.доллар давж, 2026 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрлээ. Өнгөрсөн долоо хоногт огцом унасан биткойн хэдхэн хоногийн дотор эргэн хүчтэй сэргэв.

Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа биткойны сэргэлтийн талаарх мэдээлллийг онцолж байна.

Биткойн есдүгээр сарын 15-нд ойролцоогоор 75 мянган ам.доллар хүртэл буурсны дараа эргэн өсөж, есдүгээр сарын 19-ний өдөр гэхэд 80 мянган ам.долларын түвшинг давжээ. Харин есдүгээр сарын 21-нд буюу 24 цагийн дотор 5 гаруй хувиар өсөж, 85 мянган ам.долларын босго давсан байна.

Богино хугацаанд 75 мянган ам.доллароос 85 мянга руу

Сүүлийн өдрүүдийн өсөлт нь криптовалютын зах зээлд их хэмжээний богино позици хаагдсантай холбоотой байж болохыг зах зээлийн мэдээллүүд харуулж байна.

The Block-ийн мэдээлснээр, сүүлийн 24 цагт криптовалютын зах зээл дээр 750 сая ам.доллароос дээш хэмжээний арилжааны позици (Trading position) татан буугдсан бөгөөд түүний 648.3 сая ам.доллар нь биткойны ханш өснө гэж тооцоогүй “short” позициуд байжээ.

Ийм хэмжээний богино позици нэгэн зэрэг хаагдах үед зах зээл дээр худалдан авах дарамт нэмэгдэж, ханшийн өсөлтийг улам хурдасгах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн өсөлтийн нэг хэсэг нь шинэ хөрөнгө оруулалт орж ирснээс гадна ханшийн уналтад бооцоо тавьсан арилжаачдын позициудыг албадан хаасантай холбоотой байж болох нь.

Биткойны ETF-үүдэд хөрөнгө орж байна

Биткойны ханшийн хөдөлгөөнийг ойлгоход АНУ-ын спот Bitcoin ETF-үүдийн хөрөнгө оруулалтын урсгал чухал үзүүлэлт хэвээр байна.

Есдүгээр сарын эхний долоо хоногт АНУ-ын спот Bitcoin ETF-үүдэд 986.9 сая ам.долларын цэвэр хөрөнгө орж, дараалсан гурав дахь долоо хоногтоо эерэг урсгал бүртгэгджээ. Наймдугаар сард эдгээр ETF-үүд нийт 3.52 тэрбум ам.долларын цэвэр хөрөнгө татсан нь 2025 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр сарын үзүүлэлт болжээ.

Гэхдээ урсгал өдөр бүр тогтвортой байдаггүй. Farside Investors-ийн мэдээллээр, есдүгээр сарын 15-нд Bitcoin ETF-үүдээс 450.4 сая ам.доллар, 16-нд 295.9 сая ам.долларын цэвэр хөрөнгө гарсан бол 17-нд 159.5 сая ам.доллар, 18-нд 324.6 сая ам.долларын цэвэр орлого эргэн бүртгэгдсэн байна.

Энэ нь институцийн хөрөнгө оруулагчдын эрэлт бүрэн алга болоогүй ч зах зээл маш мэдрэмтгий, хөрөнгө оруулалтын урсгал хурдан өөрчлөгдөж буйг харуулж байгаа аж.

АНУ-ын бодлого, хүү биткойнд нөлөөлсөөр байна

Биткойны өнөөгийн хөдөлгөөнийг зөвхөн криптовалютын дотоод хүчин зүйлээр тайлбарлах боломжгүй. АНУ-ын Сенат есдүгээр сарын 15-нд криптовалютын зах зээлийн зохицуулалтын шинэ тогтолцоог бий болгох хуулийн төслийг урагшлуулах асуудлыг 49-50 саналаар дэмжээгүй. Ингэснээр криптовалютын салбарынхны хүлээж байсан зохицуулалтын тодорхой байдлын асуудал тодорхой хэмжээгээр хойшилжээ.

Үүний зэрэгцээ зах зээл АНУ-ын Холбооны нөөцийн бодлого, инфляци, бондын өгөөж болон дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа аж. Иймд биткойны ханш өсөж байгаа нь дан ганц “крипто зах зээл эргээд өсөх мөчлөгт орлоо” гэсэн үг биш. Хүү, хөрвөх чадвар, ETF-ийн хөрөнгө оруулалт, зохицуулалтын шийдвэрүүд бүгд дараагийн хөдөлгөөнд нөлөөлөх хүчин зүйл хэвээр байна.

Европын Төв банк блокчэйнд анхаарлаа түлхүү хандуулав

Энэ үеэр криптовалютын суурь технологи болох блокчэйнтэй холбоотой өөр нэг чухал үйл явдал Европт болж байгаа аж. Европын Төв банк есдүгээр сарын 21-нд төлбөрийн системээ блокчэйнд суурилсан санхүүгийн зах зээлтэй холбох шинэ үйлчилгээ эхлүүлж, өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг дижитал үнэт цаасанд оруулахаар болсон байна.

Энэ нь төв банкууд болон уламжлалт санхүүгийн байгууллагууд блокчэйн технологийг сонирхох болсон өргөн хүрээний өөрчлөлтийн нэг хэсэг аж.

Гэхдээ блокчэйн технологийг санхүүгийн салбарт ашиглах явдал нэмэгдэж буй нь биткойны ханш заавал өснө гэсэн баталгаа биш. Биткойн өөрийн гэсэн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, зохицуулалт болон макро эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалан тусдаа хэлбэлздэг байна.

Одоо биткойн хаашаа чиглэх вэ?

Одоогийн байдлаар биткойн 85 мянган ам.долларын түвшинд хүрсэн ч зах зээл цаашид хэрхэн хөдлөхийг баттай хэлэх боломжгүй ажээ.

Reuters-ийн есдүгээр сарын эхний дүн шинжилгээнд биткойн хэдхэн долоо хоногийн дотор ойролцоогоор 30 хувиар өссөний дараа зах зээл тодорхой хэмжээнд амьсгаа авч байгаа ч цаашдын хөдөлгөөнд техникийн болон макро эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлөхөөр байгааг онцолжээ.

Өнөөдрийн өсөлт нь өнгөрсөн долоо хоногийн уналтын дараах хүчтэй сэргэлт болж буй. Есдүгээр сарын 15-нд 75 мянган ам.доллар орчим байсан биткойн зургаахан хоногийн дотор 85 мянгад хүрсэн нь криптовалютын зах зээл ямар өндөр хэлбэлзэлтэй хэвээр буйг харуулсаар байна.

Эх сурвалж: AP, REUTERS, THE BLOCK, FARSIDE INVESTORS