Оюу толгой компанийн хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” групп хоёр жил орчим үргэлжилсэн хэлэлцээрээ амжилттай дуусгаж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тохиролцов.
Хэлэлцээрийн үр дүн болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар “Рио Тинто” группийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Гүнийн уурхайн олборлолт төлөвлөгөөнөөс давж байна
“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийн мэдээлснээр, гүнийн уурхайн олборлолт эрчимжиж, оны эхний найман сарын байдлаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Тодруулбал, эхний найман сард гүнийн уурхайгаас 7.8 сая тонн хүдэр олборлохоор төлөвлөсөн ч 9.4 сая тонн хүдэр олборлосон байна. Ингэснээр төлөвлөгөөгөө 1.8 сая тонноор давуулан биелүүлжээ.
Гүнийн уурхайн хүдрийн агуулга өндөр байгаа нь зэс, алтны үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлж байгаа аж. Мөн алтны дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор ил уурхайн алтны агууламж өндөртэй судлыг эрчимтэй олборлож эхэлсэн нь үйлдвэрлэлийн үзүүлэлт өсөхөд нөлөөлжээ.
Оны эхний найман сарын байдлаар:
Зэс: 251.7 мянган тонн олборлохоор төлөвлөснөөс 276 мянган тонн;
Алт: 286 мянган унц үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 339 мянган унц;
Орлого: 3.6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөснөөс 5.5 тэрбум ам.доллар;
Чөлөөт мөнгөн урсгал: 1.7 тэрбум ам.доллар байхаар төлөвлөснөөс 2.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Ийнхүү гүнийн уурхайн олборлолтыг дагаад металлын агуулга өсөж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд төлөвлөгөөнөөсөө ойролцоогоор 10-15 хувиар давсан байна. Үүн дээр зэс, алтны дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаа нь компанийн орлого нэмэгдэхэд мөн нөлөөлжээ.
Оны эцэст 1.4 тэрбум ам.долларын татвар төвлөрүүлэхээр төлөвлөжээ
“Оюу толгой” компани оны эхний найман сарын байдлаар улсын төсөвт 899 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Харин оны эцэс гэхэд нийт 1.4 тэрбум ам.долларын татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
2027 оноос ногдол ашиг хуваарилах зарчмын тохиролцоонд хүрчээ
Хэлэлцээрийн хамгийн анхаарал татаж буй үр дүнгийн нэг нь Монгол Улс болон “Рио Тинто” групп “Оюу толгой”-н ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах зарчмын тохиролцоонд хүрсэн явдал юм.
“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийн мэдээлснээр, 2027 онд ногдол ашиг хуваарилах чиглэлд талууд тохиролцжээ.
Гэхдээ яг хэдий хэмжээний ногдол ашиг хуваарилах нь одоогийн байдлаар тодорхой болоогүй байгаа аж. Учир нь, ногдол ашиг хуваарилахын өмнө компанийн ашиг, мөнгөн урсгал, зээлийн нөхцөл болон санхүүгийн бусад хүчин зүйлсийг тооцох шаардлагатай юм.
Тэрбээр энэ талаар “Маш товчхондоо, 2027 онд ногдол ашиг хуваарилна. Харин хэдийг хуваарилах вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Энэ чиглэлд хийх ажил нэлээд байна” хэмээн тайлбарлав.
Ногдол ашиг хуваарилахын өмнө зээлийн бүтцийг өөрчлөх шаардлагатай
Одоогийн бүтцээр “Оюу толгой” компанид зээл олгосон 15 банк, санхүүгийн байгууллагын нийт 4.4 тэрбум ам.долларын зээлийг төлж дуусгасны дараа хувь нийлүүлэгчдийн зээлийг төлж, улмаар ногдол ашиг хуваарилах дараалалтай байгаа ажээ.
Тиймээс 2027 онд ногдол ашиг хуваарилахын тулд зээлийн бүтэц, эргэн төлөлтийн дараалал, хүүгийн нөхцөл зэрэг асуудлаар зээлдүүлэгч байгууллагуудтай дахин хэлэлцээ хийх шаардлагатай болж буй аж.
С.Мөнхсүх хэлэхдээ “Бид зээл төлөх байсан эх үүсвэрээрээ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгчихвөл зээлдүүлэгч байгууллагууд эрсдэлд орно. Тиймээс энэ чиглэлд зөв зүйтэй яриа хэлэлцээ хийж, зээлийн бүтцийг сайжруулж, хүүг бууруулахад анхаарна” гэв.
Мөн банк, санхүүгийн байгууллагуудын зээлийг бүрэн төлж дуусахаас өмнө зээлийн хүүг бууруулах, эргэн төлөлтийн хугацааг өөрчлөх боломжтой эсэх, хувь нийлүүлэгчдийн зээлийн эрэмбэ дарааллыг өөрчлөх замаар мөнгөн урсгалыг ногдол ашигт чиглүүлэх боломж байгаа эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ногдол ашиг хуваарилахын тулд үйлдвэрлэл, ашигт ажиллагааг тогтвортой хадгалах шаардлагатай
Компанийн удирдлага ногдол ашиг хуваарилах зорилго нь үйл ажиллагааны зардлыг үндэслэлгүйгээр танах замаар хэрэгжихгүй болохыг онцолсон. Тухайлбал, ажилчдын цалин, хоол, унааны зардлыг бууруулж байж ногдол ашиг тараах тухай ойлголт байхгүй бөгөөд гол зорилго нь уурхайг аюулгүй, тогтвортой, үр ашигтай ажиллуулж, хангалттай мөнгөн урсгал бий болгох явдал гэдгийг С.Мөнхсүх тодотгосон юм.
Тэрбээр “Ашиг олж байж ногдол ашиг хуваарилна. Тиймээс уурхайгаа аюулгүй бөгөөд үр өгөөжтэй ажиллуулснаар мөнгөн урсгалыг тогтвортой байлгах ёстой” гэв.
Мөн “Оюу толгой” компани хоёр хувь нийлүүлэгчийнхээ хоорондын уялдаа холбоог хангах, хэлэлцээрийг хэвийн үргэлжлүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо.
Засгийн газар 3 их наяд төгрөгийн ногдол ашиг хүлээж байна
Монгол Улсын Засгийн газар 2027 онд “Оюу толгой”-гоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэх зорилт тавьсан тохиолдолд нийт хувь нийлүүлэгчдэд хуваарилах ногдол ашгийн хэмжээ ойролцоогоор 9 их наяд төгрөг болох тооцоо гарчээ.
Гэхдээ компанийн хувьд хүссэн хэмжээгээрээ мөнгө бий болгох боломжгүй бөгөөд олборлолтын хэмжээ, металлургийн үзүүлэлт, зах зээлийн үнэ, зээлийн төлөлт болон бусад хүчин зүйлээс хамаарах аж. Тиймээс 2027 оны ногдол ашгийн хэмжээг одоогийн байдлаар эцэслэн зарлах боломжгүй ч компаниас тухайн зорилтот хэмжээнд хүрэхийн төлөө ажиллаж буй юм байна.
С.Мөнхсүх мөн “Оюу толгой”-н өгөөжийг зөвхөн ногдол ашгаар хэмжихгүй, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр болон эдийн засгийн бусад өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг хамтад нь авч үзэх шаардлагатайг онцолсон юм.