Монгол, Орос, Хятадын төмөр замын байгууллагууд хилийн боомтуудаар дамжих ачаа, зорчигч тээврийн ажиллагааг хөнгөвчлөх, галт тэрэг солилцоог түргэтгэх, тээврийн баримт бичгийг цахимжуулах чиглэлээр шинэ тохиролцоонд хүрлээ.
Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн төмөр замын хамтарсан комиссын ээлжит зөвлөгөөн ОХУ-ын Эрхүү хотод есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд болж, гурван тал протоколд гарын үсэг зурлаа.
Монголын талаас Зам, тээврийн сайдын итгэмжлэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Хятадын талаас Хөх хотын төмөр замын компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хө, Оросын талаас Дорнод Сибирийн төмөр замын дарга Фролов В.Ф нар протоколд гарын үсэг байгуулсан байна.
Энэ удаагийн уулзалтын гол онцлог нь томоохон бүтээн байгуулалтын талаар ерөнхий байдлаар ярилцахаас илүү хил дээрх төмөр замын өдөр тутмын ажиллагаанд үүсдэг саад, хугацаа алдалтыг бууруулах практик асуудлуудыг хэлэлцсэнд оршиж байна.
Хилийн өртөөнүүдийн ажиллагааг уялдуулна
Талууд Наушки, Сүхбаатар, Замын-Үүд, Эрээн өртөөнүүдэд харилцан ачаа, коммерын агентууд ажиллуулах асуудлыг идэвхжүүлэхээр тохиролцжээ. Мөн хилийн галт тэрэг солилцооны технологийн ажиллагааг хурдасгах, галт тэрэгний солилцоог саадгүй зохион байгуулахын тулд ачааны дагалдах бичиг баримтыг оновчлох асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ нь цаасан дээр энгийн мэт боловч хил дамнасан төмөр замын тээвэрт чухал ач холбогдолтой. Учир нь нэг галт тэрэг улсын хил нэвтрэх үед зөвхөн төмөр замын техникийн ажиллагаа бус, ачааны баримт бичиг, мэдээлэл, хилийн болон гаалийн үйл ажиллагаа зэрэг олон шат дамжлага зэрэгцэн явагддаг.
Тиймээс эдгээр ажиллагааг уялдуулах, мэдээллийг урьдчилан солилцох, бичиг баримтын давхардлыг бууруулах нь нийт тээврийн хугацаанд шууд нөлөөлөх боломжтой аж.
Эрээн-Замын-Үүдийн галт тэрэгний зохион байгуулалтад өөрчлөлт орно
Тохиролцоонд Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөнд шилжүүлэн өгөх галт тэрэгний зохион байгуулалтыг оновчлох асуудал ч багтжээ. Тухайлбал, чингэлгийн галт тэргээс бусад төрлийн галт тэргийг ачааны нэр, төрлөөр нь нэг дор бүлэглэн найруулж өгөхөөр төлөвлөсөн байна.
Ингэснээр хил дээр галт тэрэг хүлээлгэх, ачааг дахин зохион байгуулахтай холбоотой ажиллагааг илүү уялдуулах боломж бүрдэх юм.
Энэ удаагийн тохиролцооны бас нэг анхаарал татах хэсэг нь хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн баримт бичгийг цахимжуулах, мэдээллийг цахимаар солилцох ажил аж. Өөрөөр хэлбэл, гурван улсын төмөр замын байгууллагууд мэдээллээ илүү шуурхай солилцож, ачаа хил дээр ирсний дараах боловсруулалтын хугацааг богиносгох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллах нь.
Энэ нь цаашдаа Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн өрсөлдөх чадварт ч хамаатай асуудал. Монголын нутгаар дамжих төв коридор нь Улаан-Үд–Наушки–Сүхбаатар–Улаанбаатар–Замын-Үүд–Эрээн–цааш Хятадын төмөр замын сүлжээтэй холбогдох чиглэлд багтдаг.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны мэдээлэлд энэ чиглэлийг төмөр замын Төв коридор гэж авч үздэг бөгөөд цаашид иж бүрэн шинэчлэх, хос зам барих, цахилгаанжуулах асуудлыг судалж ирсэн байна.
Монголын төмөр зам хүчин чадлаа нэмэгдэгдүүлэх хэрэгцээтэй нүүр тулж байна
Монгол Улсын төмөр замын хувьд энэ асуудал улам бүр чухал болж байна. Зам, тээврийн яамны мэдээллээр Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридор нийт 5975 км үргэлжилнэ.
Монголын талаас Сүхбаатар–Замын-Үүд чиглэлийн 1087 км төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх хувилбарыг ТЭЗҮ-д тусгасан байдаг. Урьдчилсан тооцоогоор, 2030 он гэхэд Сүхбаатар–Улаанбаатар чиглэлд 58.6 сая тонн, Улаанбаатар–Замын-Үүд чиглэлд 64.3 сая тонн ачаа тээвэрлэх хэрэгцээ үүсэхээр тооцоолжээ.
Өөрөөр хэлбэл, төмөр замын хил дээрх ажиллагааг хурдлуулах асуудал нь зөвхөн өнөөдрийн тээврийн урсгалыг зохицуулах тухай биш. Ирээдүйд нэмэгдэх ачаа тээврийн хэмжээг саадгүй нэвтрүүлэх бэлтгэлтэй шууд холбоотой.
2026 онд УБТЗ-аар 22.5 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохирч байжээ
Үүнээс өмнө 2026 онд УБТЗ-ын хилийн гарцуудаар нийт 22.5 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохиролцсон талаар мэдээлж байсан. Үүнд экспорт, импорт, транзит ачаа багтаж байгаа бөгөөд импортын нефтийн бүтээгдэхүүний тээврийг 7.2 хувиар нэмэгдүүлж, 2.9 сая тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэхээр тохирсон байна.
Энэ тоон үзүүлэлт нь Монголын төмөр замын хувьд хилийн өртөөнүүдийн нэвтрүүлэх чадвар, галт тэрэг солилцооны хурд, баримт бичгийн боловсруулалт ямар чухал болохыг харуулж байна.
Монгол Улс ОХУ болон БНХАУ-ыг холбосон газарзүйн байрлалаараа дамжин өнгөрөх төмөр замын тээвэрт онцгой байр суурь эзэлдэг.
Наушки–Сүхбаатарын боомт нь Монголыг Оросын төмөр замын сүлжээтэй холбодог бол Замын-Үүд–Эрээн нь Монголын өмнөд хилээр Хятадын төмөр замын сүлжээнд холбож өгдөг.
Зам, тээврийн яам өмнө нь Наушки–Сүхбаатар–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн Монголыг дамнасан төмөр замыг Транс-Сибирийн төмөр замын системтэй холбогдох Европ-Азийн тээврийн чухал чиглэлүүдийн нэг хэмээн тодорхойлж байсан.
Тиймээс энэ хоёр чиглэл дээр галт тэрэгний солилцоог түргэсгэх, мэдээлэл болон бичиг баримтыг цахимжуулах нь Монголын өөрийн төмөр замын ажиллагаанаас гадна Орос-Хятадын хоорондох дамжин өнгөрөх тээврийн хугацаанд нөлөөлөх боломжтой.
Дараагийн зөвлөгөөн Хөх хотод болно
Энэ удаагийн протокол 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тохирсон байна. Мөн гурван талын дараагийн ээлжит зөвлөгөөнийг дарааллын дагуу БНХАУ-ын Хөх хотод 2027 онд зохион байгуулахаар тохиролцжээ.