Өнөөдөр үүрээр Орос улс Киев хотод дрон болон пуужингийн өргөн хүрээтэй довтолгоо хийсний улмаас дор хаяж дөрвөн хүн шархадсан талаар албаныхан мэдээлжээ.

Энэхүү шөнийн довтолгоо нь Владимир Путины удирдсан Оросын арми өчигдөр Украинд хийсэн дайны эхлэлээс хойших хамгийн том өдрийн агаарын дайралтуудын нэгийн дараа болсон байна. Уг халдлагад 800 гаруй дрон болон пуужин ашиглажээ.

Киев хотын цэргийн захиргааны дарга Тимур Ткаченкогийн мэдээлснээр, Орос улс Украины нийслэл рүү баллистик пуужин болон дронуудаар довтолж, хотын зургаан дүүрэгт эвдрэл гэмтэл бүртгэгдсэн байна. Мөн Дарниця дүүрэгт орон сууцны барилга хэсэгчлэн нурж, хүмүүс нуранги дор дарагдсан байж болзошгүй талаар албаныхан мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр "Орос улс манай агаарын хамгаалалтыг хэт ачааллуулахыг оролдож байна” хэмээн мэдэгдээд, “Манай цэргүүд Украин улсыг хамгаалж байна” гэж онцолсон байна.

Өнгөрсөн амралтын өдөр Владимир Путин Украины эсрэг эхлүүлсэн дайн “төгсгөлдөө ойртож байна” гэж мэдэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мягмар гарагт энэ байр суурийг давтаж, Москва болон Киев удахгүй дайныг зогсоох хэлэлцээрт хүрнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Гол үйл явдлууд

  • Киев хот дрон болон баллистик пуужингийн халдлагад өртөж, дөрвөн хүн шархаджээ
  • Унгар улс Путин “энэ цуст дайныг хэзээ дуусгах”-ыг асуухаар болов
  • Их Британийн Батлан хамгаалахын сайд асан Бен Уоллес Оросын эрэн сурвалжлах жагсаалтад оржээ
  • Украины фронтын нөхцөл байдал Киевийн талд өөрчлөгдөж эхэлсэн талаар шинжээчид дүгнэв
  • Орос Украинд асар том дрон довтолгоо хийсэн бичлэгүүд нийтэлжээ

ОХУ Бен Уоллесыг эрэн сурвалжлах жагсаалтад оруулав

Оросын төрийн хэвлэлүүдийн Дотоод хэргийн яамны мэдээллийн санд тулгуурлан мэдээлснээр, Их Британийн Батлан хамгаалахын сайд асан Бен Уоллесыг тодорхойгүй эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ.

Тэрбээр 2022 онд Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлэхээс өмнөөс эхлэн 2023 оны наймдугаар сар хүртэл Их Британийн Батлан хамгаалахын сайдаар ажилласан, албан тушаалаасаа буусныхаа дараа ч Киевт үзүүлэх цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалсаар ирсэн юм.

Польш Балтын тэнгист Оросын тагнуулын онгоцыг тосон зогсоов

Польш улс Балтын тэнгисийн олон улсын агаарын орон зайд нисэж байсан Оросын тагнуулын онгоцыг тосон зогсоосноо мэдэгдэж, үүнийг өдөөн хатгалга, болзошгүй аюул гэж нэрлэлээ. Польшийн армийн мэдээлснээр, уг онгоц нислэгийн төлөвлөгөө гаргаагүй, мөн таних төхөөрөмжөө унтраасан байдалтай нисэж байсан ч Польшийн агаарын орон зайг зөрчөөгүй аж.

Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш “таних төхөөрөмжгүй нислэгүүд бусад онгоцод аюул учруулж болзошгүй” бөгөөд Польшийн нисгэгчид ийм нөхцөлд шуурхай хариу үзүүлдэг гэж мэдэгдсэн байна.

Украины талд фронтын нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлжээ

Украин улс өмнө нь батлан хамгаалах салбартаа олон улсын тусламж хүсдэг байсан бол одоо дотооддоо хөгжүүлсэн дрон технологийнхоо ачаар бусад улсад туршлага санал болгох хэмжээнд хүрсэн талаар шинжээчид онцолж байна.

Украины алсын тусгалтай дрон болон пуужингийн довтолгоонууд Оросын гүн дэх эрчим хүч, үйлдвэрлэлийн байгууламжуудад цохилт өгч байгаа бөгөөд лхагва гарагт Оросын гурван бүс нутагт халдлага бүртгэгджээ.

Оросын Батлан хамгаалах яам Украины 286 дроныг Оросын бүс нутгууд, хууль бусаар нэгтгэсэн Крымийн хойг, Азов болон Хар тэнгисийн орчимд устгасан гэж мэдэгдсэн байна.

Вашингтонд төвтэй Дайны судалгааны хүрээлэн (ISW)-гээс мэдээлснээр, 1250 км урт фронтын шугам дээр Оросын илүү том, сайн зэвсэглэсэн армийн давшилт өнгөрсөн аравдугаар сараас хойш сар бүр удааширч байгаа аж.

Тус хүрээлэнгийн үзэж байгаагаар Оросын “хаврын давшилт” бүтэлгүйтэж, өнгөрсөн сард Оросын тал 2024 оноос хойш анх удаа газар нутгийн цэвэр алдагдал хүлээсэн байна.

ISW “Украины хамгаалалтын шугамууд тогтвортой байгаад зогсохгүй Орос маш их хүн, хүч алдаж, багахан ахиц гаргаж байгаа энэ үед Украины арми фронтын хэд хэдэн хэсэгт тактикийн санаачилгыг гартаа авч чадсан” гэж мэдэгджээ.

Зеленский: Энэ довтолгоо санамсаргүй зүйл биш

Орос лхагва гарагт баруун Украины чухал дэд бүтцүүдийг онилон, өдрийн томоохон дрон довтолгоо хийж, дор хаяж зургаан хүний аминд хүрсэн байна. Үүний улмаас НАТО-гийн гишүүн Польш улс сөнөөгч онгоцуудаа хөөргөжээ. Унгар улс уг халдлагыг буруушааж, Оросын Элчин сайдыг дуудан уулзахаар болсон байна.

Зеленский энэ талаар Telegram хуудастаа “АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчилж байгаа яг энэ үед Украинд хамгийн урт үргэлжилсэн томоохон довтолгоонуудын нэг болж байгаа нь санамсаргүй хэрэг биш” гэж бичжээ.

Зеленский Москваг шахсаар байх болно гэв

Владимир Зеленский "Украин улс дайныг зогсоохын тулд Орост үзүүлэх дарамтаа үргэлжлүүлнэ" гэж мэдэгджээ. Тэрбээр Румын улсын Бухарест хотод болсон НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудын төлөөлөгчдийн уулзалтын үеэр “Бид дипломат хүчин чармайлтаасаа татгалзахгүй. Орост үзүүлэх дарамт, олон хэлбэрийн хэлэлцээ энх тайванд хүргэнэ гэж найдаж байна” гэжээ.

Мөн “Хориг арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна. Манай алсын тусгалтай дрон, пуужингийн хүчин чадал ажиллаж байна. Бүх төрлийн шахалт үр дүнтэй байна” хэмээн онцолсон байна.

Унгар: Путин энэ цуст дайныг хэзээ дуусгах вэ?

Унгарын Ерөнхий сайд Петер Мажар Украины хил орчимд болсон дроны довтолгоотой холбоотойгоор Оросын Элчин сайдыг дуудсан тухайгаа мэдэгджээ. Энэ нь өмнөх Ерөнхий сайд Виктор Орбаны Москваг дэмждэг бодлогоос эрс өөр алхам гэж ажиглагчид үзэж байна.

Орос улс лхагва гарагт Украины 20 орчим бүс нутаг руу дор хаяж 800 дрон харваж, зургаан хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулжээ. Шархадсан хүмүүсийн дунд хүүхдүүд ч байсан аж. Эдгээр дронуудаас дор хаяж 11 нь Унгар болон Словактай хиллэдэг Закарпатийн бүсэд нэвтэрсэн байна.

Мажар “Унгарын Засгийн газар Закарпатид болсон Оросын халдлагыг хатуу буруушааж байна” гэж мэдэгджээ. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Анита Орбан "Оросын Элчин сайдаас Орос болон Владимир Путин энэ цуст дайныг хэзээ дуусгах гэж байгаа талаар” асууна" гэж нэмж хэлсэн байна.

Үүний хариуд Зеленский “Энэрэнгүй хандлага, хатуу байр сууринд баярлалаа!” гэж X сүлжээнд бичжээ.

Эх сурвалж: INDEPENDENT