Бүгд Найрамдах Солонгос Улсын цагдаагийн байгууллагаас 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж буй, тэдний 17 нь Монгол Улсын иргэн болохыг мэдээлсэн.

Монгол Улсын цагдаагийн байгууллага Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд, гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлж буй аж.

Энэ онд гадаадын улс орнууд руу оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсанаас 16 нь БНСУ-д байжээ. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Цаашид Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн БНСУ дахь байршлыг тогтоох, холбогдох мэдээллийг шуурхай солилцох, баривчлуулах болон Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг тус улсын Интерполтой хамтран тогтмол хэрэгжүүлэх ажээ.