ОУВС, Дэлхийн банк, Fitch Ratings Монголын төсвийн гол эрсдэлийг уул уурхайн орлого, зарлагын өсөлт болон төсөв санхүүгийн нөөцийн асуудалтай холбон анхааруулсныг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.
Монгол Улсын эдийн засаг 2026 онд өсөлттэй хэвээр байгаа ч төсвийн бодлогын тогтвортой байдалд анхаарах шаардлагатайг олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагууд онцолжээ. Ялангуяа уул уурхайн түүхий эдийн үнэ, экспортын орлогоос төсвийн орлого ихээхэн хамааралтай хэвээр буйг гадаадын шинжээчид анхааруулж байна.
ОУВС-гийн 2026 оны зургадугаар сард гаргасан Монголын эдийн засгийн талаарх дүгнэлтэд төсвийн сахилга батыг хадгалах нь нэн тэргүүний зорилт болохыг тодотгожээ.
Тус байгууллагын үзэж буйгаар, 2025 онд нүүрсний үнэ буурснаас уул уурхайн орлого тасалдаж, төсөвт дарамт үүссэн бөгөөд Засгийн газар зарлагын гүйцэтгэлийг хязгаарлах, татварын урьдчилгаа авах, татварын өр барагдуулах, зарим төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авсан байна.
ОУВС мөн 2026 онд төсвийн байдал муудах төлөвтэй байгааг онцолжээ. Үүнд төрийн албан хаагчдын цалингийн өсөлт болон томоохон хоёр төслийн зардлыг түргэвчилсэн байдлаар хэрэгжүүлж буй нь нөлөөлж байна гэж үзсэн аж. Түүнчлэн төсөв санхүүгийн нөөцийг дахин бүрдүүлэх, уул уурхайгаас бусад салбарын татварын орлогыг нэмэгдүүлэх, зарлагын бүтцийг оновчтой болгох шаардлагатай гэж зөвлөсөн байна.
Төсөв уул уурхайн орлогоос хэр хамааралтай вэ?
Энэ бол Монголын төсвийн бодлогын хамгийн том сорилтуудын нэг. ОУВС-ийн 2025 оны Монголын Article IV тайланд дурдсанаар, 2022-2024 онд уул уурхайн салбарын Засгийн газарт төвлөрүүлсэн орлого хоёр дахин нэмэгдсэн байна.
Уул уурхайн орлого ийнхүү өсөхөд 2022-2024 онд төсвийн зарлага 67 хувиар өсөж, 2023-2024 онд төсөв ашигтай гарахад энэ орлого чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2022 оны 64.5 хувиас 2024 онд 44.5 хувь болж буурчээ.
Гэвч ОУВС-ийн анхааруулж буй гол асуудал нь уул уурхайн орлого өндөр байх үед зарлага хэт хурдан өсөх явдал. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ өндөр, экспорт сайн үед төсөв тэлж, харин нүүрс болон бусад эрдэс баялгийн үнэ буурахад төсөвт шууд дарамт үүсэх эрсдэлтэй аж.
ОУВС "2025 оны эхний хагаст нүүрсний экспорт буурч, үнэ сулрахад төсвийн орлого буурсан нь үүнийг харуулсан" гэж дүгнэжээ.
2026 оны төсөв: Алдагдал хэд вэ?
Монгол Улсын 2026 оны төсвийн анхны төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нийт зарлага болон цэвэр зээлийг 32.98 их наяд төгрөг байхаар тооцож, 1.38 их наяд төгрөг буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөж байв.
Дараагийн төсвийн хүрээний өөрчлөлтөөр 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31.93 их наяд төгрөг, нийт зарлагыг 33.978 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.048 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тусгасан байна.
Эдгээр нь төсвийн хууль, төсвийн хүрээнд тусгасан үзүүлэлтүүд бол олон улсын үнэлгээний байгууллагууд бодит хэрэгжилтэд өөр төсөөлөлтэй байна.
Тухайлбал, Fitch Ratings 2026 оны наймдугаар сарын үнэлгээндээ Монголын нийт төсвийн тэнцэл 2025 оны ДНБ-ий 1.5 хувийн ашигтай байдлаас 2026 онд 2.2 хувийн алдагдалд шилжинэ гэж тооцжээ. Мөн 2027 онд алдагдал 3.3 хувь хүртэл тэлэх эрсдэлтэй гэж үзсэн байна.
Fitch: Монголын төсөвт зарлагын дарамт нэмэгдэж байна
Fitch-ийн үзэж буйгаар, 2026 оны төсвийн алдагдалд төрийн албан хаагчдын цалингийн өсөлт, татварын өөрчлөлт болон томоохон төслүүдийн санхүүжилт нөлөөлж байгаа аж.
Тус агентлаг мөн Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос маш өндөр хамааралтай хэвээр байгааг онцолжээ. Ашигт малтмалын экспорт Монголын гадаад орлогын ойролцоогоор 90 хувь, Засгийн газрын орлогын ойролцоогоор 30 хувийг бүрдүүлдэг гэж Fitch тооцсон байна.
Тиймээс нүүрс, зэс зэрэг гол экспортын бүтээгдэхүүний үнэ болон БНХАУ-ын эрэлт буурах нь төсвийн орлого, валютын урсгалд шууд нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулжээ.
Fitch-ийн хувьд Монголын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлсийн нэг нь төсвийн алдагдал удаан хугацаанд үргэлжилж, Засгийн газрын өр ДНБ-д эзлэх хувь нэмэгдэх явдал гэж үзэж байна. Харин төсвийн мөчлөг дагасан зарлагыг хязгаарлаж, төсвийн нөөц бүрдүүлэх нь зээлжих зэрэглэлийг сайжруулах эерэг хүчин зүйл болно гэжээ.
Дэлхийн банк: Өсөлт байгаа ч төсвийн зарлага эрсдэл дагуулна
Дэлхийн банк 2026 онд Монголын эдийн засгийг 5.0 хувиар өснө гэж тооцсон. 2025 онд эдийн засаг 6.9 хувиар өссөн бөгөөд үүнд хөдөө аж ахуйн сэргэлт, уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Гэхдээ Дэлхийн банкны анхааруулга мөн адил төсвийн бодлоготой холбоотой. Тус байгууллага төсвийн зарлага хүлээлтээс давж өсвөл богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих боловч гадаад тэнцвэргүй байдлыг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өсгөж болзошгүй гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт өндөр байгаа нь төсөвт бүх зүйл хэвийн гэсэн үг биш. Өсөлтийн үед төсвийн зарлага хэт хурдан нэмэгдэхгүй байх, уул уурхайн орлого өндөр үед нөөц хуримтлуулах нь ирээдүйн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
ОУВС-ийн гол зөвлөгөө: Татварын сууриа өргөжүүлж, төсвийн буферээ сэргээх
ОУВС Монгол Улсад уул уурхайгаас бусад салбарын татварын суурийг өргөжүүлэх, татварын өрийг барагдуулах, татварын болон гаалийн удирдлагыг сайжруулахыг зөвлөжээ.
Мөн томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг төсвийн дүрмийн хүрээнд, сайтар эрэмбэлж хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Төсвийн дүрэмд ойр ойрхон өөрчлөлт оруулах нь уг дүрмийн итгэлцэл, үр нөлөөг сулруулж болзошгүй гэж ОУВС үзжээ.
2026 оны зургадугаар сарын дүгнэлтдээ ОУВС мөн төсвийн тогтвортой байдлыг хамгаалах, уул уурхайн бус орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг оновчлох, төсвийн нөөц буферийг дахин бүрдүүлэх шаардлагатай гэж тодорхой зөвлөмж өгсөн байна.
Эх сурвалж: WORLD BANK, FITCH RATINGS, IMF