Дэлхийн зах зээлд алтны үнэ богино хугацаанд буурч байгаа ч төв банкуудын үнэт металлд хандах сонирхол буурсангүй. Харин ч улс орнууд валютын нөөцөө төрөлжүүлж, геополитик болон санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор алтыг стратегийн хөрөнгө гэж үзэх хандлага улам хүчтэй болж байна.

Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа алтны ханш, түүний хөдөлгөөний талаар онцоллоо. 

Алтны үнэ сүүлийн өдрүүдэд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан огцом хөдөлгөөн хийлээ. Есдүгээр сарын 14-нд нэг унци алтны үнэ 1.8 хувиар буурч, 4271.59 ам.долларт хүрсэн нь сар гаруйн хугацаанд ажиглагдаагүй доод түвшин болов.

Алтны ханш ийнхүү буурахад АНУ-ын инфляц хүлээлтээс өндөр гарсан, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж болзошгүй гэсэн хүлээлт нэмэгдсэн, ам.доллар чангарсан зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

Хувийн хөрөнгө оруулагчид богино хугацаанд алтаас "гарч", үнэ нь буурч байхад дэлхийн төв банкууд яагаад алтаа нэмж авсаар байна вэ? Үнэндээ төв банкуудын алт худалдан авалтын зорилго нь өнөөдөр худалдаж аваад, маргааш үнэд орвол зарна гэсэн энгийн ашиг олох сонирхол биш ажээ.

Тэдний хувьд алт бол олон жилийн турш хадгалж болох, аливаа улсын өр төлбөрөөс шууд хамааралгүй, дэлхийн санхүүгийн системд хүлээн зөвшөөрөгдсөн стратегийн нөөц юм.

Дэлхийн алтны зөвлөлийн хамгийн сүүлийн мэдээллээр, төв банкууд 2026 оны долдугаар сард цэвэр дүнгээр 23 тонн алт худалдан авчээ. Ингэснээр он гарснаас хойших нийт худалдан авалт ойролцоогоор 130 тоннд хүрсэн байна.

Ялангуяа Хятад долдугаар сард 20 тонн алт нэмж худалдан авсан бол Польш найман тонноор нөөцөө өсгөжээ. Польш улс энэ онд одоогийн байдлаар 90 тонн алт худалдан авсан бөгөөд алтны нөөц нь нийт гадаад валютын нөөцийнх нь ойролцоогоор 28 хувийг эзэлж байгаа аж.

Алтны үнэ богино хугацаанд өсөж, буурч байгаа нь төв банкуудын шийдвэрийн гол шалгуур биш байх нь. Тэд алтыг өдрийн ханшийн хөдөлгөөнөөр бус, олон жилийн стратегийн өнцгөөс харж буй юм байна.

Тэгвэл яагаад?

Алт бол аль ч улсын өр биш

Төв банк гадаад валютын нөөцөө бүрдүүлэхдээ ам.доллар, евро зэрэг валют болон гадаадын Засгийн газрын бондыг их хэмжээгээр эзэмшдэг. Эдгээр хөрөнгө нь тухайн улсын эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн системтэй тодорхой хэмжээгээр холбоотой байдаг.

Харин алт өөр. Алт бол ямар нэгэн улсын Засгийн газрын амлалт биш. Өөрөөр хэлбэл, нэг улсын өрийн бичиг, эсвэл өөр улсын санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвараас шууд хамаарахгүй биет хөрөнгө юм. Тиймээс дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэх үед төв банкууд валютын нөөцийнхөө тодорхой хэсгийг алтаар хадгалах сонирхолтой болдог байна.

Central bank gold statistics: June 2026

Ялангуяа сүүлийн жилүүдэд геополитикийн зөрчил нэмэгдэж, худалдааны дайн, хориг арга хэмжээ, валютын ханшийн савлагаа, улсын өрийн дарамт зэрэг эрсдэлүүд нэмэгдсэн нь төв банкуудыг нөөцийнхөө бүтцийг дахин харахад хүргэжээ.

Дэлхийн алтны зөвлөлийн 2026 оны төв банкуудын нөөцийн судалгаагаар, судалгаанд оролцсон төв банкны нөөцийн менежерүүдийн 89 хувь нь дэлхийн төв банкуудын алтны эзэмшил ирэх 12 сарын хугацаанд өснө гэж үзсэн байна. Мөн 45 хувь нь өөрсдийн төв банкны алтны нөөцийг ирэх нэг жилийн хугацаанд нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлсэн нь судалгааны түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэ бол алтны зах зээлийн хувьд маш чухал дохио юм. Учир нь, төв банкуудын худалдан авалт богино хугацааны спекуляци биш, харин дэлхийн валютын нөөцийн бүтцэд аажмаар өөрчлөлт гарч буйг илэрхийлж байна.

Доллароос бүрэн татгалзаж байгаа хэрэг үү?

Төв банкууд алт авч байна гэдэг нь ам.доллараас бүрэн татгалзаж байна гэсэн үг биш аж. Ам.доллар дэлхийн худалдаа, санхүүгийн системд асар чухал байр суурьтай хэвээр байна. Харин улс орнууд валютын нөөцөө зөвхөн нэг төрлийн хөрөнгөд төвлөрүүлэхээс зайлсхийж, эрсдэлээ тараахыг зорьж буй аж.

Эдийн засагт үүнийг “диверсификаци” буюу хөрөнгийн төрөлжилт гэж ойлгож болно. Тухайлбал, нэг улсын төв банк нийт нөөцийнхөө тодорхой хэсгийг ам.долларт, тодорхой хэсгийг евро болон бусад валютад, үлдсэн хэсгийг алтанд байршуулж болно. Ингэснээр нэг төрлийн хөрөнгийн үнэ, ханш огцом өөрчлөгдөх үед нийт нөөцөд учрах эрсдэлийг бууруулах боломжтой аж.

Алтны бас нэг давуу тал нь дэлхийн хаана ч үнэ цэнтэй хэвээр байдаг. Валютын ханш өөрчлөгдөж, Засгийн газар солигдож, бодлогын хүү өсч, буурч болно. Харин алт өөрийн гэсэн олон улсын зах зээлтэй, олон зуун жилийн турш нөөц хөрөнгийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Хятад яагаад алтаа нэмээд байна вэ?

Төв банкуудын дунд Хятадын худалдан авалт онцгой анхаарал татаж байна. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээллээр, Хятадын Ардын банк 2026 оны долдугаар сард 20 тонн алт нэмж, худалдан авалтаа дараалан 21 дэх сардаа үргэлжлүүлжээ.

Хятадын хувьд алтны нөөцөө нэмэгдүүлэх нь зөвхөн хөрөнгө оруулалтын шийдвэр биш аж. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг өөрийн валютын нөөцийг илүү төрөлжүүлэх урт хугацааны бодлогын нэг хэсэг гэж үзэж болох нь.

A view of smelted gold bars at a smelting facility in Accra, Ghana

Хятадын эдийн засаг дэлхийн худалдаанд асар их үүрэгтэй, ам.долларын системтэй салшгүй холбоотой хэвээр байгаа ч геополитикийн зөрчил, худалдааны хориг, санхүүгийн хязгаарлалт нэмэгдэх эрсдэлийг тооцох шаардлагатай болжээ. Тиймээс алт нь тодорхой хэмжээнд ийм эрсдэлийн эсрэг хамгаалалт болж чадах билээ.

Энэ хандлага зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй. Польш, Казахстан, Узбекистан зэрэг улс орнууд ч сүүлийн үед алтны нөөцөө нэмэгдүүлсээх байгаа аж. 2026 оны эхний хагаст Польш 82 тонн, Узбекистан 41 тонн, Хятад 40 тонн, Казахстан 27 тонн алт нэмж худалдан авсан байна.

Алтны үнэ унасан үед худалдаж авах нь алдагдал биш үү?

Энгийн хөрөнгө оруулагчийн өнцгөөс харвал ийм асуулт тавих нь зүйн хэрэг. Хэрэв алтны үнэ буурч байгаа бол яагаад илүү өндөр үнээр худалдаж авах хэрэгтэй гэж?

Гэхдээ төв банкны зорилго өөр. Төв банк алтыг ихэвчлэн хэдэн сар, хэдэн улирлын дараа зарах зорилгоор худалдаж авдаггүй. Тэдний хувьд алт бол олон арван жилийн турш хадгалж болох стратегийн нөөц юм.

Тиймээс өнөөдөр алтны үнэ 4000 ам.доллар, маргааш 4200 ам.доллар болсон эсэхээс илүүтэйгээр 10-20 жилийн хугацаанд тухайн улсын нөөцийн бүтцэд ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг чухал.

Түүнээс гадна үнэ буурсан үед худалдан авах нь урт хугацааны хөрөнгө оруулагчийн хувьд заавал муу шийдвэр биш. Үнэ тодорхой хэмжээгээр буурсан үед нөөцөө нэмэгдүүлэх боломжийг зарим төв банкууд ашиглаж болох юм.

Дэлхийн алтны зөвлөлийн мэдээллээр, 2026 оны хоёрдугаар улиралд төв банкуудын цэвэр алт худалдан авалт 289 тонн хүрсэн нь өмнөх оны мөн үеийн 177.9 тонноос 62 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ нь төв банкуудын алт худалдан авалт үнэ буурсан үед ч стратегийн шинж чанараа хадгалж буйг харуулж байна.

Геополитикийн эрсдэл алтны эрэлтийг нэмэгдүүлж байна

Өнөөдөр алтны эрэлт нэмэгдэхэд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйлсийн нэг нь дэлхийн геополитикийн тодорхой бус байдал. Ойрхи Дорнодын мөргөлдөөн, худалдааны маргаан, их гүрнүүдийн өрсөлдөөн, хориг арга хэмжээ, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө хайхад хүргэдэг.

Геополитикийн хямралын үед алтны үнэ ихэвчлэн өсөх хандлагатай байдаг ч яг одоо нефтийн үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгдсэнээс үүдэн төв банкууд хүүгээ өндөр байлгах магадлал нэмэгдэж буй нь алтны үнэд эсрэгээрээ дарамт үзүүлж байна. Учир нь, алт хүү төлдөггүй.

Хэрэв банкны хадгаламж, Засгийн газрын бондын өгөөж нэмэгдвэл хөрөнгө оруулагчид хүү өгдөг хөрөнгийг сонгох сонирхолтой болж, алтны харьцангуй давуу тал буурдаг. Яг ийм шалтгаанаар есдүгээр сарын 14-нд алтны үнэ буурсан байна.

Reuters-ийн мэдээлснээр, АНУ-ын инфляцын мэдээлэл хүү өсөх хүлээлтийг нэмэгдүүлж, үүний зэрэгцээ ам.доллар чангарсан нь алтны үнэд дарамт болжээ. Гэхдээ төв банкуудын хувьд энэ нь алт худалдан авахаа зогсоох шалтгаан болж чадахгүй аж. Учир нь, тэд алтыг богино хугацааны ханшнаас илүү урт хугацааны эрсдэлийн хамгаалалт гэж харж буй юм байна.

Алтны үнэ цаашид хэрхэх вэ?

Алтны үнэ богино хугацаанд дахин буурч болохыг үгүйсгэх аргагүй. Хэрэв АНУ-ын инфляц өндөр хэвээр байж, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх, эсвэл өндөр түвшинд удаан хадгалах дохио өгвөл ам.доллар чангарч, алтанд дахин дарамт ирж болзошгүй.

Гэхдээ нөгөө талд дэлхийн геополитикийн эрсдэл өндөр хэвээр байж, төв банкуудын алт худалдан авалт үргэлжилж, хөрөнгө оруулагчид валютын нөөцөө төрөлжүүлэх сонирхлоо хадгалвал алтны урт хугацааны эрэлтэд дэмжлэг болно.

Өөрөөр хэлбэл, алтны зах зээлд хоёр өөр хүч зэрэг ажиллаж байна. Хүү өсөх хүлээлт болон хүчтэй доллар алтны үнийг доош татаж байгаа бол төв банкуудын худалдан авалт, геополитикийн эрсдэл, нөөцийн төрөлжилт алтны үнийг дэмжиж буй. Энэ хоёр хүчин зүйл аль нь давамгайлахаас алтны дараагийн чиглэл ихээхэн хамаарна.

Монголын хувьд 

Монгол Улс өөрөө алт олборлогч орны хувьд дэлхийн алтны зах зээлийн хөдөлгөөнийг зөвхөн хөрөнгө оруулагчийн нүдээр харах боломжгүйг шинжээчид өгүүлж байна. Алтны үнэ өндөр байх нь Монголын уул уурхайн экспортын орлого, валютын урсгалд эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Түүнчлэн Монголбанк алт худалдан авах замаар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх боломжтой байдаг.

Тиймээс дэлхийн төв банкууд алт нэмж авч байгаа өнөөгийн хандлага Монголын хувьд ч сонирхолтой дохио юм. Алт нь зөвхөн үнэт эдлэл, эсвэл иргэдийн хадгаламжийн хэрэгсэл биш, улс орны санхүүгийн тогтвортой байдалд тодорхой үүрэг гүйцэтгэдэг стратегийн хөрөнгө хэвээр байгаа билээ.

Алтны үнэ өнөөдөр буурч болно. Маргааш ч буурч болно. Гэхдээ төв банкуудын өнөөдрийн худалдан авалт тэдний алтны талаарх төсөөлөл богино хугацааны ханшийн хөдөлгөөнөөс хавьгүй урт хугацааных болохыг харуулж байна.

Төв банкууд алтыг “маргааш дэлхийн санхүүгийн системд юу болохыг хэн ч мэдэхгүй” учраас нөөцөлж байна. Иймээс алтны үнэ буурсан үед төв банкуудын худалдан авалт үргэлжилж буй нь зах зээлийн хувьд зөрчил биш.

Харин ч эсрэгээрээ, дэлхийн санхүүгийн системд тодорхой бус байдал нэмэгдэхийн хэрээр улс орнууд “бүх өндгөө нэг сагсанд хийхгүй” гэсэн зарчмаар валютын нөөцөө төрөлжүүлж, алтыг дахин стратегийн хамгаалалт болгон ашиглаж эхэлж байгаагийн илрэл юм.

Өнөөдөр алтны үнэ хэд байхаас илүүтэй, дэлхийн төв банкууд яагаад алтаа хадгалсаар буйг ойлгох нь ирээдүйн зах зээлийг ойлгох түлхүүр болж байна.

Эх сурвалж: REUTERS, WORLD GOLD COUNCIL