Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өнөөдөр (2026.09.14) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд байгууллагын дотоод үйл ажиллагаа гаднаасаа хэвийн мэт боловч удирдлага, томилгоо болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор тодорхой хэмжээний дарамт, шахалт үүссэн талаар мэдэгдэв.

А.Намсамандын мэдээлснээр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ШШГЕГ-ын дотоод томилгоонд оролцож, тухайн албан тушаалын шаардлагад нийцэхгүй хүмүүсийг удирдах албан тушаалд томилуулах чиглэл өгсөн гэх асуудал яригдаж байгаа аж.

Тэрбээр ХЗДХ-ийн сайдын томилсон ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Мөнхдөл дээрх үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдэв. Мөн ШШГЕГ-ын удирдлага бодлогын яамаа хүндэтгэж, өгсөн шийдвэр, чиглэлийг дагаж ирсэн боловч сүүлийн үед хуульд нийцэхгүй гэж үзсэн зарим томилгоог хийхийг шаардах болсон хэмээн тайлбарлалаа.

Сайдын жолоочийн ар гэрийн хүмүүсийг томилох асуудал яригдсан гэв

А.Намсамандын хамгийн анхаарал татсан мэдэгдлүүдийн нэг нь ХЗДХ-ийн сайд С.Амарсайхантай холбоотой томилгооны асуудал байлаа.

Түүний ярьснаар, сайдын жолоочийн эхнэрийг ШШГЕГ-ын харъяа “Төр хурах” амралтын газрын даргаар томилох шаардлага тавьсан бөгөөд уг шаардлагын дагуу томилсон гэв.

Мөн сайдын жолоочийн төрсөн дүүг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилох чиглэл өгсөн бөгөөд мөн хэрэгжүүлсэн гэж А.Намсаманд мэдээлсэн юм. 

Түүнчлэн тэрбээр "ХЗДХЯ-ны Хяналт шалгалтын газрын дарга Дамдинцэрэнгийн хүргэн дүүг мөн удирдах албан тушаалд томилох чиглэл өгсөн" гэв.

А.Намсамандын хэлснээр, эдгээрээс гадна цаашид хийхийг шаардсан зарим томилгоог хууль, албан тушаалын шаардлагад нийцэхгүй гэж үзэн хэрэгжүүлэхгүй байх үед өөрт нь болон алба хаагчдад дарамт шахалт үзүүлдэг болсон аж.

А.Намсаманд “Би хэн нэг сайдын хууль бус үүргийг биелүүлэх гэж төрд тангараг өргөөгүй” хэмээн мэдэгдлээ.

“Чамайг байранд чинь тавина” гэх зэргээр дарамталдаг гэв

ШШГЕГ-ын дарга мөн өөрт нь ирдэг үүрэг, чиглэлүүдийн ихэнх нь бичгээр бус амаар өгөгддөг гэж мэдэгдэв. Тэрбээр хууль зөрчсөн гэж үзсэн томилгоог хийхээс татгалзах үед “хэлэх хэлэхгүй үгээр хэлэх”, сүрдүүлэх, дарамтлах байдал гарч, хэрээс хэтэрсэн талаар ярилаа.

Түүний хэлснээр, зарим үед “Чам мууг байранд чинь тавина” гэх агуулгатай үг хэлж байсан бөгөөд өөрийнх нь албан тушаалд нөлөөлөх байдлаар дарамт үзүүлдэг болсон аж.

С.Амарсайханы хамаарал бүхий компани ШШГЕГ-т дөрвөн сая ам.долларын өртэй

Мөн А.Намсаманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээгдэж буй их хэмжээний өр төлбөрийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхантай хамаарал бүхий компани ШШГЕГ-т дөрвөн сая гаруй ам.долларын төлбөртэй байгаа талаар мэдэгдсэн юм.

А.Намсамандын тайлбарласнаар, уг төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулах чиглэлийг байгууллагынхаа холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Гэвч үүнтэй холбоотойгоор өөрт нь дахин дахин дарамт, шахалт ирж байгаа талаар хэлэв.

Түүнчлэн А.Намсаманд өөр нэг Засгийн газрын сайдтай холбоотой 53 тэрбум төгрөгийн төлбөртэй асуудал байгаа талаар мэдээллээ. Тэрбээр эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны нэр, нөлөөг харгалзахгүйгээр хуулийн дагуу явуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

“Бид хэн нэг сайдын тушаалыг дагах гэж биш, тангаргаа биелүүлэх гэж ажиллаж байна”

ШШГЕГ-ын дарга А.Намсаманд мэдээллийнхээ төгсгөлд байгууллагын алба хаагчид аливаа улс төрийн болон албан тушаалтны нөлөөллөөс ангид ажиллах ёстойг онцлов.

Тэр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага аливаа иргэн, компани, тэр дундаа өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийн өр, төлбөртэй холбоотой шийдвэрийг хуульд заасан журмын дагуу ялгаваргүй хэрэгжүүлэх ёстой" гэж хэллээ.