АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн эрүүл мэндтэй холбоотой шүүмжлэл, таамаглалуудын талаар дахин тайлбар хийж, Truth Social платформдоо бичихдээ өөрийгөө хэд хэдэн танин мэдэхүйн (cognitive) шалгалтад орж, бүгдийг нь “онц” дүнтэй давсан гэж сайрхжээ.
Өдгөө 79 настай тэрбээр (удахгүй 80 нас хүрнэ) пүрэв гарагт нийтэлсэн постдоо өөрийн сэтгэхүйн чадварыг онцолж, “Ерөнхийлөгч, эсвэл дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүн бүр сонгуульд оролцохоосоо өмнө танин мэдэхүйн шалгалт заавал өгөх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр цааш нь “Ингэснээр Барак Обама, эсвэл ‘унтамхай’ Жо Байден шиг хүмүүс сонгогдоход бид гайхахгүй байх байсан. Манай улс илүү сайхан байх байсан” гэж бичжээ.
Трамп өмнө нь гурван удаа шалгалт өгч, бүгдийг нь онц дүнтэй давсан гэж мэдэгдээд, өөрийгөө гурван удаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан хэмээн хэлсэн нь Үндсэн хуультай зөрчилдөх мэдээлэл аж.
Тэр “Би ерөнхийлөгч байх (‘ГУРАВ!’) хугацаандаа гурван удаа шалгалт өгсөн, бүгдийг нь онц дүнтэй давсан” гэж бичээд, “Эмч нарын хэлснээр ийм амжилт нэг удаагийн шалгалтад ч тун ховор” гэж нэмж хэлжээ.
Мэргэжилтнүүд түүний энэ мэдэгдэлд эргэлзэж байгаа аж.
Трамп яг ямар шалгалт өгсөн нь тодорхойгүй ч ихэвчлэн Montreal Cognitive Assessment (MoCA) шалгалт өгсөн байх магадлалтай юм байна. Энэ нь танин мэдэхүйн доройтол байгаа эсэхийг илрүүлэхэд ашиглагддаг тест ажээ.
Энэхүү шалгалт нь ердийн эрүүл хүний хувьд харьцангуй энгийн байдаг бол танин мэдэхүйн асуудалтай хүмүүст илүү хүнд санагддаг байна. MoCA тестийг нийтлэг эрүүл мэндийн үзлэгт байнга хэрэглэдэггүй, харин сэжиг илэрсэн тохиолдолд, эсвэл наснаас шалтгаалан хийдэг аж.
Сэтгэл судлаач John Gartner өмнө нь энэ талаар тайлбарлахдаа “Энэ бол хүн танин мэдэхүйн доройтолтой байж магадгүй гэж сэжиглэсэн үед өгдөг шалгалт. Үүнийг ‘онц дүнтэй давна’ гэж ярих нь утгагүй. Давбал зүгээр л ноцтой сэтгэцийн хомсдол (деменци) байхгүй гэсэн үг” гэжээ.
Тэрбээр мөн “Энэ нь бүр эрт үеийн деменци байхгүй гэсэн баталгаа ч биш аж. Цаг зурж чадах, амьтан таних, гурван тоо давтах зэрэг нь онцгой амжилт биш, харин хийж чадахгүй бол асуудал байгааг илтгэнэ” гэж тайлбарласан байна.
Сүүлийн үед Трампын сэтгэхүйн чадварын талаар олон таамаг яригдах болсон. Ялангуяа тэрбээр нэгэн илтгэлийн үеэр Украин, Ираныг андуурсан нь энэ яриа даамжрахад илүү нөлөөлжээ.
Үүнээс гадна АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Конгрессын өмнө мэдүүлэг өгөхдөө ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаархи асуултад шууд хариулахаас зайлсхийсэн байна.
Калифорни мужаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн Сара Жейкобс түүнээс “Ерөнхийлөгч дээд командлагчийн үүргийг гүйцэтгэхэд хангалттай сэтгэцийн хувьд тогтвортой гэж та үзэж байна уу?” гэж асуужээ. Тэрээр энэ асуултад шууд хариулаагүй бөгөөд харин Жо Байденд ижил шалгуур тавигдаж байсан эсэхийг эргүүлэн асуусан байна.
Эх сурвалж: UNILAD