ОХУ лхагва гарагт Украины баруун бүс нутгийн чухал дэд бүтцүүдийг онилон асар том дроны довтолгоо хийж, дор хаяж зургаан хүний амийг авч одсон талаар албаныхан мэдээлжээ. Энэ халдлагын улмаас НАТО-гийн гишүүн Польш улс урьдчилан сэргийлэх зорилгоор сөнөөгч онгоцуудаа хөөргөсөн байна.
Унгар улсын хувьд шинэ Засгийн газар Европын нийтлэг чиг хандлагад илүү нийцсэн байр суурьтай болж, Украин дахь угсаатны унгарчууд амьдардаг бүс нутгуудад чиглэсэн халдлагыг буруушааж, Оросын Элчин сайдыг дуудан уулзахаар болсон аж. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Унгарын энэ алхмыг “чухал дохио” хэмээн үнэлжээ.
Зеленский Румынд болсон аюулгүй байдлын бага хуралд оролцож байхдаа Telegram хуудсаараа дамжуулан "Оросын довтолгоо оройн цагаар ч үргэлжилж, Москва пуужингууд ашиглаж эхэлсэн" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр өмнө нь хэлэхдээ, шөнө дундаас хойш Москва дор хаяж 800 дрон хөөргөсөн бөгөөд энэхүү довтолгоогоороо НАТО-гийн хилд ойр бүс нутгуудыг зориудаар онилсон гэж онцолжээ.
Зеленский Telegram-даа “АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчилж байгаа яг энэ үед Украины эсрэг хийж буй хамгийн урт хугацааны томоохон довтолгоонуудын нэг болж байгаа нь санамсаргүй хэрэг биш” гэж бичсэн байна.
Түүний хэлснээр, уг халдлагын үеэр зургаан хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Мөн Украины хэд хэдэн бүс нутаг өртсөн байна. Украины Ерөнхийлөгчийн зөвлөхийн мэдээлснээр, тус улсын төмөр замын дэд бүтцэд 23 удаагийн цохилт өгсөн ч галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн зогсоогоогүй байна.
Украины армийн оройн тайланд 24 цагийн хугацаанд фронтын 1200 км шугам дагуу 187 удаагийн тулгаралт болсон гэжээ. Мөн Оросын хүчнүүд 55 удаагийн агаарын цохилтод 178 удирдлагатай бөмбөг ашигласан байна.
Хамгийн ширүүн тулалдаан зүүн бүсийн Покровск орчимд болж, олон сарын турш үргэлжилж буй дайралтын хүрээнд 24 мөргөлдөөн бүртгэгдсэн бол өмнөд хэсгийн Хуляйполе орчимд 22 удаагийн халдлага гарчээ.
Лхагва гаргийн дроны довтолгоо нь АНУ-ын зуучлалаар хэрэгжсэн Орос-Украины гурван өдрийн түр гал зогсоох хэлэлцээр дууссаны дараах анхны томоохон халдлага болсон байна.
Польш улс Украины агаарын орон зайд халдлага гарч болзошгүй гэж үзэн, сөнөөгч онгоцуудаа урьдчилан хөөргөжээ. Мөн Словакийн засгийн газар аюулгүй байдлын үүднээс Украинтай хиллэх боомтуудаа хаасан байна.
Молдавын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, нэг дрон тус улсын агаарын орон зайг нэвтэрч, 300 км орчим нисээд, радараас алга болжээ. Гадаад хэргийн яам энэ үйлдэл нь “иргэдэд аюул заналхийлсэн” гэж мэдэгдсэн байна.
Украины тагнуулын алба (HUR)-наас мэдээлснээр, энэхүү дрон довтолгооны зорилго нь Украины агаарын хамгаалалтыг “даван гарах хэмжээнд ачаалал өгөх” байсан бөгөөд дараа нь пуужингийн цохилт өгөх төлөвтэй байсныг анхааруулсан байна.
Баруун Украины бүсэд халдлагууд
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Орос Беларусь болон Молдавын агаарын орон зайг ашиглан дронуудаа Украины нутаг руу чиглүүлжээ.
Төрийн өмчит “Нафтогаз” компанийн мэдээлснээр, Харьков болон Житомир муж дахь хоёр байгууламж дрон цохилтод өртсөн байна. Мөн хэд хэдэн бүсийн захирагчид ОХУ баруун Украины нутаг дэвсгэрт цохилт өгсөн талаар мэдээлжээ.
Баруун хойд Ривне мужид гурван хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан байна. Жовква хотод чухал дэд бүтцийн байгууламж өртсөний улмаас цахилгаан тасарсан бол Ивано-Франковск хотод орон сууцны барилга цохигдсон талаар мэдээлжээ.
Украины хамгийн баруун Закарпатийн мужийн захирагч энэ халдлагыг 2022 онд бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойших хамгийн хүчтэй довтолгоо гэж тодорхойлсон байна.
Батлан хамгаалахын сайдын зөвлөх Серhий Бескрестновын хэлснээр, энэ удаагийн дронууд Беларусьтай хил залгаа 5-10 км-ийн зайд хөдөлж, Украины агаарын хамгаалалтыг сульдуулах, баруун бүс рүү нэвтрэх зорилготой шинэ тактик ашиглаж байжээ.
Эх сурвалж: REUTERS