Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Саймон Троттыг хүлээн авч уулзсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ үеэр "Монголын Ард түмэндээ дахин сайхан мэдээ дуулгая. 17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орлоо" гэж мэдээлсэн юм.
"Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт "Эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал солилцсонд баярлалаа. Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг энд онцолмоор байна.
Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ.
- Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа.
- Менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн.
Бид өнөөдөр мөн Оюу толгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хуваарилахад "Рио Тинто" хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна.
Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюу толгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно.
Эрхэм Ерөнхий сайд аа, танд болон танай хамт олонд дахин талархал илэрхийлье. Монголын ард түмэнд маш их баярлалаа" гэв.
Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр тохиролцжээ
Сангийн сайдын ахалсан ажлын хэсэг Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, талуудын тохиролцоог баталгаажуулжээ. Уг хэлэлцээрээр Оюутолгойн зээлийн хүүгийн зардал болон менежментийн төлбөрийг бууруулж, Монголын талын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Хэлэлцээрийн хүрээнд 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээний зээлийн хүүгийн нөхцөлийг шинэчилж, SOFR+6.5 хувийн хүүг SOFR+4.0 хувь болгон бууруулахаар тохиролцжээ. Ингэснээр зээлийн хүүгийн нийт зардлыг ойролцоогоор 6.2 тэрбум ам.доллараар бууруулах боломж бүрдэж байгаа аж.
Мөн уг өөрчлөлтийн үр дүнд Монголын талын хүртэх нийт өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн гэж мэдээллээ. Үндсэндээ зардлын дарамтыг бууруулж, Монгол Улсад орж ирэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тохиролцоо болсон байна.
Түүнчлэн зээлийн хүүгийн нөхцөлийг дахин хянан үзэх хугацааг долоон жил байсныг гурван жил болгон богиносгожээ. Энэ нь цаашид санхүүжилтийн нөхцөл, хүүгийн түвшнийг илүү ойр давтамжтайгаар шинэчлэн хэлэлцэх боломжийг бүрдүүлэх юм.
Шинэчилсэн тохиролцооны дагуу Монголын тал 2027 оноос эхлэн Оюутолгойн төслөөс ногдол ашиг хүртэхээр болж байна.
Энэ удаагийн хэлэлцээрийг Оюутолгойн төслийн санхүүгийн нөхцөлийг сайжруулж, зардлыг бууруулахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засагт орох өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам хэмээн үзэж болох юм.