Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Аглаг бүтээлийн хийд буюу “Өлзий бадруулагч” сүм шашны байгууллага болон иргэн Л.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбоотой хэргийг хэлэлцээд, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Хэргийн өмнөх шатны шийдвэрээс үзвэл, анхан шатны шүүх “Өлзий бадруулагч” сүм шашны байгууллага болон иргэн Л.Отгонбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзсан байна. Харин уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ.

Ингэснээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь хуульд нийцсэн эсэх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан гэх ноцтой зөрчил нь тухайн шүүхийн шийдвэрт бодитоор нөлөөлсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх аж.