Иргэн Б.Энхмөнх Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой 9.8 тэрбум төгрөгийн төсвийн санхүүжилт, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй асуудал, мөн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирт дарамт, шахалт үзүүлсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 10-нд гомдол гаргав.

Б.Энхмөнх АТГ-т гомдол гаргахынхаа өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгч, төсвийн тодотголтой холбоотой баримт бичгийг танилцуулах үеэр Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид тэдний гар дахь материалыг хүчээр авахыг завдсан гэх асуудлыг мөн хөндсөн юм.

Тэрбээр энэ талаар “Бидний баримтаар үйлдэж ирсэн цаасыг Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид хүчээр булааж авах гэсэн ноцтой үйлдэл гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд Төрийн тусгай хамгаалалтаар өөрийгөө хамгаалуулж ирээд бидэн рүү дайралт хийчихээд зугтаад явлаа” хэмээн ярив.

Мөн тэрбээр боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг дурдаж, төрийн төсвийн хөрөнгийг зарцуулахтай холбоотой шийдвэрт ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

9.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шалгуулах хүсэлт гаргажээ

Б.Энхмөнхийн АТГ-т гаргасан гомдолд дурдсанаар, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсөвт өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал олгохоор 9.8 тэрбум төгрөг тусгасан байж болзошгүй гэх асуудлыг шалгуулах хүсэлт тавьжээ.

Тэрбээр уг үйлдлийг ашиг сонирхлын зөрчил болон албан тушаалын давуу байдлаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдалтай холбон тайлбарлав.

Гомдол гаргагч нь Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн өмчлөлийн гэх “Их засаг Кингис” сургууль болон бусад сургуульд төсвөөс 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан нь хуулийн хүрээнд шалгах шаардлагатай асуудал гэж үзжээ.

Тэр "Монгол Улсын төсөв төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээртэй хамаарал бүхий этгээдүүдийн хувийн хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэр биш бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй тохиолдолд тухайн шийдвэр гаргах, боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанаас албан тушаалтан татгалзах ёстой" гэж үзэж байгаа аж.

“Их засаг Кингис” сургуульд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан гэх асуудал

Б.Энхмөнхийн мэдээлснээр, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Их засаг Кингис” төрөлжсөн ахлах сургуульд 640 хүүхдийн суудалтай холбоотойгоор нийт 3 тэрбум 520 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвт тусгасан байж болзошгүй байгаа аж.

Тэрбээр "Тус санхүүжилт нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал болон жилийн сургалтын төлбөрийн тооцоололтой холбоотой бөгөөд төсвийн тодотгол батлагдсан тохиолдолд олгохоор төлөвлөсөн, мөн төсвийн тодотголын хүрээнд Сангийн яаманд хүргүүлсэн материалд тусгагдсан байж болзошгүй" гэж ярив.

Б.Энхмөнх энэ асуудлаар Сангийн сайд З.Мэндсайханыг мэдээлэлтэй байсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Төрийн нарийн бичгийн даргад дарамт үзүүлсэн эсэхийг мөн шалгуулна

Түүнчлэн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир төсвийн тодотголтой холбоотой мэдээлэл өгсний дараа түүнд айлган сүрдүүлсэн, дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй гэх асуудлыг Б.Энхмөнх гомдолдоо дурджээ.

Тэрбээр Т.Ням-Очирт төрийн өндөр албан тушаалтнууд болон холбогдох байгууллагаас дарамт үзүүлсэн эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Т.Ням-Очирт хэлэх үгийг нь зааж, өөр тайлбар хийлгэсэн гэх мэдээллийг Б.Энхмөнх өгсөн.

Түүний үзэж байгаагаар, дээрх үйл явдлууд төсвийн тодотголыг УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцэж байсан үеэр болсон бөгөөд холбогдох баримтуудыг цуглуулсан байна.

“Их засаг” сургуулийн өмчлөлтэй холбоотой асуудлыг хөндөв

Б.Энхмөнх мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд байгаа мэдээллийг үндэслэн “Их засаг” сургуулийн эцсийн өмчлөгчидтэй холбоотой мэдээллийг шалгуулах шаардлагатай гэж мэдэгдэв. Түүний мэдээлснээр, Н.Учрал, Н.Ням-Осор болон Н.Ундрал нарын нэр уг өмчлөлтэй холбоотой бүртгэлд дурдагдсан байна.

Түүнчлэн тэрбээр 2018 онд “Хүннү” ХХК-иар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангийн зээлээс Н.Учрал болон түүний эцэг Н.Ням-Осор нар 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллийг мөн сөхөж, холбогдох байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Гомдол гаргагч Б.Энхмөнх энэ бүх асуудлыг нэгтгэн шалгуулах шаардлагатай гэж үзэж, Ерөнхий сайд Н.Учралд албан тушаалаасаа чөлөөлөгдөн, Авлигатай тэмцэх газарт шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.