Цагаан ордны нэгэн албан тушаалтан Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь "хөнөөх тохиолдол гарвал" гэж Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнст зориулан захидал бичсэн болохыг илчилжээ.
Трампын засаг захиргааны терроризмын эсрэг стратегийг энэ бүрэн эрхийн хугацаанд удирдаж буй Себастьян Горка лхагва гарагт "The New York Post"-ын “Pod Force One” подкастад оролцохдоо, ерөнхийлөгчид ямар нэгэн зүйл тохиолдсон нөхцөлд хэрэгжүүлэх хэд хэдэн “протокол” байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь дэд ерөнхийлөгчид зориулсан хувийн захидал гэж мэдэгдсэн байна.
Горка “Бидэнд протоколууд бий, итгээрэй. Би бүгдийг нь ярьж чадахгүй ч бидэнд ийм протоколууд бий” гэж хэлжээ. Мөн тэрбээр “Резолют ажлын ширээний шургуулгад, ерөнхийлөгчид ямар нэгэн зүйл тохиолдвол нээхээр дэд ерөнхийлөгчид хаягласан захидал бий” хэмээн ярьсан байна.
Ерөнхийлөгч Трамп өмнө нь өөрийн амь насанд заналхийлсэн олон нийтэд ил болсон гурван халдлагын оролдлогоос амьд гарч байсны нэг нь 2024 оны долдугаар сард сонгуулийн кампанит ажлын үеэр Пенсильвани мужид болсон цуглааны үеэр гарч байв.
Нэгдүгээр сард Трамп Иранаас ирсэн заналхийллийн дараа, хэрэв өөрийг нь хөнөөвөл хэрэгжүүлэх “маш хатуу заавар” үлдээсэн гэж мэдэгдэж байжээ. Тэрбээр тухайн үед "NewsNation"-д өгсөн ярилцлагадаа “Хэрэв надад ямар нэгэн зүйл тохиолдвол тэр улсыг бүхэлд нь устгана гэсэн мэдэгдэл би үлдээсэн” гэж хэлжээ. Гэхдээ тэр үедээ Вэнст зориулж бичсэн захидлын талаар дурдаагүй байна.
Трампын амь насанд халдах хамгийн сүүлчийн оролдлого өнгөрсөн сарын сүүлээр Цагаан ордны Сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр болсон. Зэвсэгтэй этгээд хамгаалалтыг нэвтлэн ерөнхийлөгч болон засаг захиргааны бусад өндөр албан тушаалтнуудад хүрэхийг оролдсон гэж үзжээ.
Дөрөвдүгээр сарын 25-нд болсон уг үйл явдлын үеэр Вэнсийг хамгаалалтынхан яаралтай гаргаж байгааг дүрс бичлэгүүд харуулсан бол Трамп суудалдаа үлдсэн байна. Харин дараа нь ерөнхийлөгч “юу болж байгааг харахыг хүссэн” учраас өөрөө үлдэхийг сонгосон гэж тайлбарлажээ.
Сэжигтэн болох 31 настай Коул Аллен хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэг дээр урт буугаар гал нээсний дараа хууль сахиулагчдад баригдсан. Дараа нь Аллен шүүхэд хүргэгдэж, ерөнхийлөгчийг хөнөөхийг завдсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгагдсан бөгөөд өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ.
2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трамп өөр хоёр халдлагын оролдлогоос мөн амьд гарсан юм. Эхнийх нь 2024 оны долдугаар сарын 13-нд Пенсильвани мужийн Батлер хотод болсон сонгуулийн цуглааны үеэр гарчээ.
Тэр үед 20 настай буутай этгээд Томас Крукс Трамп руу буудаж, сум нь түүний чихийг шүргэн өнгөрсөн байна. Үүний дараа Нууц албаны ажилтнууд Трампыг хүрээлэн авч, чихнээс нь цус гарсан байдалтай тайзнаас буулгажээ. Уг халдлагын үеэр нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан бөгөөд Нууц албаны мэргэн буудагч Круксыг буудан устгасан байна.
Трампын амь насанд халдах хоёр дахь оролдлого хоёр сарын дараа Флорида мужийн Уэст Палм Бич дэх өөрийн International Golf Club дээр болсон. Райан Раут ерөнхийлөгчийг гольф тоглож байх үед буудсан бөгөөд дараа нь Нууц албаны ажилтнууд түүнийг мөрдөн, улмаар баривчилсан байна.
Раут өнгөрсөн оны есдүгээр сард шүүгдэж, бүх зүйл ангиар буруутай нь тогтоогджээ. Түүнд энэ оны хоёрдугаар сард бүх насаар нь хорих ял оноосон билээ.
Эх сурвалж: NEW YORK POST, INDEPENDENT