Идэвхтэн Бенжамин Оуэн санхүүч агсан Жеффри Эпштейнийн аралд нэвтэрч, түүний гэмт хэргүүдийн талаар судалгаа хийж, олон нийтэд мэдээлэл хүргэхийг оролдох үедээ нутгийн иргэдтэй мөргөлдөж, тэд түүнийг хүлж боосон талаар мэдэгджээ.

We Fight Monsters” нэртэй ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Оуэн нь хүний наймаа болон хүүхдийн мөлжлөгтэй тэмцдэг байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг судалгааг хийж байснаа хэлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдөр тэрбээр “хулгайлагдсан” гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиход Little St. James буюу Эпштейний хуучин эзэмшлийн арлаас олдсон байна. Цагдаа нарыг очиход Оуэнийг скочоор хүлсэн байдалтай байжээ.

Жеффри Эпштейн 2019 онд бэлгийн наймааны хэрэгт холбогдон, шүүгдэх өдрөө хүлээж байх үедээ шоронд нас барсан бөгөөд албан ёсоор амиа хорлосон гэж үздэг аж.

Мөн тухайн үед арлын бусад гурван хүнтэй холбоо тогтоосон бөгөөд тэдний нэг нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн хүмүүс зураг авч байх үед жирэмсэн найз бүсгүйг нь түлхсэн гэж цагдаад мэдүүлжээ. Тухайн этгээд Оуэнийг зодсон хэрэгт буруутгагдсан талаар цагдаагийн тайланд дурдсан байна.

Оуэний мэдэгдэл

Оуэн Nexstar-ийн WREG-д өгсөн мэдэгдэлдээ, Эпштейний хэргийг дахин олон нийтийн анхааралд оруулах зорилгоор судалгаа хийж байсан гэжээ.

Тэр “Би энэ түүхийг дахин анхаарлын төвд оруулах, хүний наймаа болон мөлжлөгтэй тэмцдэг ‘We Fight Monsters’ байгууллагынхаа талаар олон нийтэд таниулах зорилгоор судалгаа хийж байхдаа Эпштейний аралд нэвтэрсэн” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн “намайг хулгайлж, хүлж, нүд боосон хүн нь Эпштейний арлыг удирддаг байсан бөгөөд одоо ч тэнд амьдарч байгаа эмэгтэй” гэж мэдэгджээ.

Оуэн Виржинийн арлуудын цагдаад талархал илэрхийлж, хэрэг хууль хяналтын шатанд шалгагдаж буй учраас хүлээж байгаагаа хэлсэн байна. Тэр мөн “Эрэг дээр болсон маргааны үеэр жирэмсэн эмэгтэйг түлхээгүй, бидэнд үүнийг батлах бичлэг бий” гэж мэдэгджээ.

Оуэн зөвхөн нэвтэрсэн (trespassing) гэх хэргээр буруутгагдаж, батлан даалтаар суллагдсан байна.

Эпштейний шоронгийн бичлэг нийтэд ил болжээ

Жеффри Эпштейний шоронгийн камерын бичлэгийг АНУ-ын Department of Justice нийтэд ил болгожээ. Шинээр ил болсон материалд түүний хоригдож байсан өрөөний доторх байдлыг харуулсан бичлэг багтсан байна.

Эпштейн 2019 оны долдугаар сард насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэрэгт буруутгагдан баривчлагдсан бөгөөд хоёр сарын дараа шоронд нас баржээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) түүнийг амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд камерын бичлэгээр үүнийг баталсан гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч зарим талууд түүний үхэлд эргэлзсэн хэвээр байгаа аж.

Шинэ бичлэгүүдэд түүний хоригдож байсан жижиг өрөө, төмөр ор, угаалтуур, ширээ болон суудал зэрэг энгийн шоронгийн нөхцөлийг харуулжээ. Мөн зарим шинжээчид хамгаалалтын камерын бичлэгээс 3 минут орчим тасарсан байж болзошгүй гэж үздэг аж.

Харин DOJ-ийн мэдээлснээр, тухайн хэсэгт хэн нэгэн орж ирсэн бол заавал камерт бүртгэгдэх байсан бөгөөд хийсэн шалгалтаар тухайн хугацаанд хэн ч нэвтрээгүй гэж дүгнэжээ.

Эх сурвалж: UNILAD