Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2026.05.13/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт сэтгүүлчдэд мэдээлэл өгч, “Сэлбэ дэд төв” төслийн хэрэгжилт, санхүүжилт болон цаашдын төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Тэрбээр томоохон бүтээн байгуулалтыг татвар төлөгчдийн мөнгөөр бус, гадаадын зээл, тусламж болон бондоор санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарлалтаас шалтгаалан зарим төсөл санхүүжилтийн хүндрэлтэй нүүр тулж буйг онцлов.

Түүний хэлснээр, төсвийн алдагдлыг нэг хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалт нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Сэлбэ дэд төв” зэрэг томоохон төслүүдийн санхүүжилтийн гүйцэтгэлд нөлөөлж байгаа аж.

Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд энэ асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл өргөн барьсан ч эцсийн санал хураалтаар дэмжигдээгүйг дурдав. Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сэлбэ дэд төв” төслийг тус асуудлаас салгаж, Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг яаралтай горимоор дахин өргөн барихаар болсон байна.

Хотын даргын мэдээлснээр, “Сэлбэ дэд төв” төсөл одоогийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Энэ оны эцэс гэхэд зарим блокийг Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Үлдсэн хэсгийг ирэх онд ашиглалтад оруулах юм байна.

Тэрбээр төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа гэр хорооллын 160 га газрыг нэг жил хагасын хугацаанд чөлөөлж, орон сууцжуулах томоохон бүтээн байгуулалт эхлүүлсэнийг онцоллоо. Цаашид “Сэлбэ төв”-өөс урагш 32-ын тойрог хүртэлх хэсгийн газар чөлөөлөлтийг үргэлжлүүлж, сургууль, цэцэрлэг болон нийгмийн үйлчилгээний барилгууд барихаар төлөвлөж байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн Баянхошуу дэд төвийн хүрээнд ирэх зургаа, долдугаар сард 400-500 айлын орон сууцыг ашиглалтад оруулах бөгөөд Баянхошуунаас Ханын материал орчмын гэр хорооллыг үе шаттайгаар орон сууцжуулах ажил үргэлжлэх юм байна.

Хотын захирагчийн мэдээлснээр “Сэлбэ дэд төв” төсөлд нийт 500 сая ам.долларын санхүүжилт татаж, ойролцоогоор 2.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд 8660 гаруй айлын орон сууц баригдаж буй бөгөөд нийтдээ 10 мянгаас дээш айлын орон сууц бүхий шинэ хотхон байгуулагдах аж. Мөн таван сургууль, 7-8 цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, ажлын байр дагалдан бий болох юм байна.

Тэрбээр төслийн орон сууцны захиалгыг ойрын хугацаанд авч эхлэх бөгөөд борлуулалтын орлогоор авсан зээлээ эргэн төлөх зохицуулалттайг тайлбарлав. Зээлийн эргэн төлөлт 2028 оноос эхлэх бөгөөд одоогийн байдлаар 1.6 их наяд төгрөгийг арилжааны банкуудад 16-17 хувийн хүүтэй байршуулж, зөвхөн өнгөрсөн онд хүүгийн орлогоос 96 тэрбум төгрөгийн ашиг олсныг дурдав.

Мөн нийслэлийн хэмжээнд Сэлбэ, Шархад, Дамбадаржаа, Толгойт зэрэг дэд төвүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, уур амьсгалын өөрчлөлтийн “Ногоон сан”-тай хамтарсан шинэ төслүүд ч эхлэх талаар мэдээллээ.