“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас Б.Чагнаадоржийг Гүйцэтгэх захирлаар томиллоо. Б.Чагнаадорж 2024 оны долдугаар сараас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2025 онд 1 сая 693 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч 2 сая 58 мянган тонныг үйлдвэрлэсэн. Экспортод 2025 онд 1,9 сая тонныг гаргах төлөвлөлгөөгөө 2,4 сая тоннд хүргэж давуулан биелүүлсэн. 551,6 тэрбумын орлогын төлөвлөгөө нь 593,1 тэрбумд хүрч, 40 гаруй тэрбумаар давж биелсэн байна.

Өнгөрсөн онд татварт 82,1 тэрбумыг төлөхөөр төлөвлөсөн ч 246,6 тэрбумыг төвлөрүүлжээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 33 жилийн туршид татварт төлсөн нийт 407,8 тэрбум төгрөгийн 60 орчим хувийг зөвхөн 2025 онд бүрдүүлсэн үзүүлэлт юм.

Б.Чагнаадоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар 2024 оны долдугаар сард томилогдож байхад 1634 ажилтны дундаж цалин 3,2 сая төгрөг байсан бол өнөөдөр 6,8 сая төгрөг болж өсжээ.