Говийн гайхамшигт зургаан амьтны нэг нь хулан буюу зэрлэг илжиг юм. Дэлхийн нийт хулангийн 80 гаруй хувь нь Монгол Улсад амьдардаг. Биеийн урт нь 220 см, сэрвээний өндөр нь 137 см, сүүл нь 49 см, жин нь 200 кг хүртэл хүрдэг. Гэрийн адуутай харьцуулахад толгой нь том, чих нь урт, сүүл нь богино бөгөөд зөвхөн үзүүр хэсэгтээ сийрэг хялгаслаг байдаг. Зүс нь хул өнгөтэй.
Сүүлийн 2-3 арван жилд уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны доройтол болон ашиг хонжоо хайсан хууль бус агнуурын улмаас тархац нутаг нь хумигдаж, тоо толгой нь эрс цөөрсөн байна.
Хулан нь Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллаар “эмзэг” (Vulnerable) ангилалд багтаж, бүс нутгийн хэмжээнд ховордсон зүйлд тооцогддог.
Монгол Улсад хуланг агнахыг 1953 оноос хуулиар хориглосон бөгөөд 2012 оны Засгийн газрын 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад оруулж, Монгол Улсын Улаан номд бүртгэсэн байна.
Экологийн цагдаагийн албанаас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авах зохицуулалттай тул хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар 102 болон 70191070 тусгай дугаарт мэдээлж, байгаль хамгаалалд иргэн бүр хамтран ажиллахыг уриалав.