Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэндгомбын Болорчулуун Reuters агентлагт "ОХУ-тай олон жилийн турш худалдааны чиглэлээр түншилж ирсэн Монгол Улс шатахууны гол нийлүүлэгч болох хөрш оронд нь үүсээд буй шатахууны хомсдолын нөлөөгөөр хүндрэлтэй нөхцөл байдалд орж байна" гэж мэдээлжээ.
Тэрбээр “Бид шатахууныхаа бараг 95 хувийг ОХУ-аас импортолдог” гэж хэлсэн байна.
Reuters-ийн сурвалжилсан хэвлэлүүд болон газар дээрх хүмүүсийн мэдээлснээр, Монгол Улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүссэн байна. Монгол Улс өнгөрсөн наймдугаар сард шатахууны борлуулалтад тодорхой хязгаарлалт тогтоожээ.
ОХУ-ын бензин болон дизель түлшний хомсдол Монголд нөлөөлсөн байна. ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины нисгэгчгүй онгоцны халдлага гарсан бөгөөд үүн дээр улирлын чанартай шатахууны эрэлт нэмэгдсэнээр түлшний хямрал үүсээд байгаа аж.
Ц.Болорчулуун “ОХУ-д ямар асуудал үүсээд байгааг мэдэж байна. Монголын хувьд шатахууны үнэ нэмэгдэж байна” гэж Reuters-т ярьжээ. Түүний хэлснээр, шатахууны үнэ одоо литр тутамд 1.5-2 ам.долларт хүрээд буй бөгөөд хавар нэг литр нь ойролцоогоор 1 ам.доллар байжээ.
ОХУ бензин болон дизель түлшний экспортод хориг, хязгаарлалт тавьсан ч Монгол Улс шиг шатахуун нийлүүлэх талаар Засгийн газар хоорондын гэрээтэй улс орнуудад уг хориг үйлчлэхгүй байгаа юм.
Худалдаачдын мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлсэн дизель түлшний хэмжээ 7 хувиар өсөж, 1.05 сая тонн болсон байна.
Мөн бензиний экспорт 450 мянган тонноос 515 мянган тонн болж нэмэгджээ. Харин онгоцны түлшний нийлүүлэлт 40 хувиар буурч, 32 мянган тонн болсон байна.
Зөвхөн долдугаар сард ОХУ-аас Монгол Улсад нийлүүлсэн авто тээврийн түлшний хэмжээ өмнөх сарын 186,400 тонноос 173,000 тонн болж буурчээ.
Ц.Болорчулуун мөн "Монгол Улсад энэ жил дотоодын ургац арвин байх төлөвтэй байгаа тул ОХУ-аас импортлох үр тарианыхаа хэмжээг бууруулж магадгүй" гэж хэлсэн байна. Монгол Улс өнгөрсөн онд ОХУ-аас ойролцоогоор 100 мянган тонн улаан буудай худалдан авчээ.
Тэрбээр энэ мэдээллийг ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Эх сурвалж: REUTERS