ОХУ-ын байгалийн хийг дорно зүгт дамжуулах томоохон төслүүдийн нэг болох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг “Байгал нуурын хүч” нэрээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдэгдсэнийг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Сергей Цивилевийн хэлснээр, төслийн нэрийг өөрчлөх санаачилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан бөгөөд “Байгал нуурын хүч” төслийн хэрэгжилт барилгын ажлыг эхлүүлэхийн өмнөх шатандаа оржээ.

Тэрбээр мөн ОХУ Алс Дорнодын бүс нутагт хийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байгааг онцолсон байна. Тухайлбал, “Сибирийн хүч” болон “Сахалин–Хабаровск–Владивосток” хийн хоолойг холбох шинэ шугамын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бөгөөд “Байгал нуурын хүч” төсөл нь тус бүс нутгийн хийн экспортын дэд бүтцийн чухал хэсэг болох аж.

Алс Дорнодын бүс нутагт байгалийн хийн хэрэглээ цаашид эрчимтэй өсөх төлөвтэй байна. ОХУ-ын Эрчим хүчний сайдын мэдээлснээр, тус бүсийн хийн хэрэглээ 2026 онд 9–10 тэрбум шоо метр байгаа бол 2035 он гэхэд 34 тэрбум шоо метрт хүрч, хэд дахин нэмэгдэх тооцоо гарчээ.

Үүний зэрэгцээ “Газпром”-д дотоодын зах зээлийг байгалийн хийгээр тогтвортой хангахын зэрэгцээ экспортын үүргээ биелүүлэх гэсэн хоёр үндсэн зорилт тулгарч байгааг Цивилев хэлсэн байна. Түүний үзэж буйгаар, байгалийн хийн нөөц хязгааргүй биш учраас дотоодын хэрэгцээ болон экспортын нийлүүлэлтийн хооронд зохистой тэнцвэрийг хадгалах нь чухал аж.

Монгол Улсаар дамжих хийн хоолой

“Сибирийн хүч-2” буюу шинэ нэрээр “Байгал нуурын хүч” төслийн хүрээнд ОХУ-ын Ямалын хойг дахь Тамбейн ордоос олборлосон байгалийн хийг ОХУ-ын хэд хэдэн бүс нутгаар дамжуулан Монголын нутгаар Хятадын чиглэлд тээвэрлэх хийн хоолой байгуулахаар төлөвлөж байна.

Монголын нутгаар дамжих уг хоолой нь “Союз Восток” нэртэй бөгөөд “Сибирийн хүч-2” төслийн үргэлжлэл болох юм. Өнгөрсөн 2025 оны есдүгээр сард “Газпром” болон Хятадын талын түншүүд “Сибирийн хүч-2” болон Монголын нутаг дэвсгэрээр дамжих “Союз Восток” хийн хоолойн төслүүдийн хүрээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Төслийн хүчин чадал нь жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хэмжээнд хүрэхээр төлөвлөгджээ.

Ингэснээр “Байгал нуурын хүч” төсөл хэрэгжсэн тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин Оросын байгалийн хийг Хятадын зах зээлд нийлүүлэх стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл болох юм.

Эх сурвалж: TASS, ANADOLU