Дональд Трамп Бээжинд хийх төрийн айлчлалдаа мордохын өмнө "Ирантай холбоотой дайныг зогсооход БНХАУ-ын тусламж зайлшгүй шаардлагагүй" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мягмар гарагт сэтгүүлчдэд “Ирантай холбоотой асуудалд бидэнд ямар ч тусламж хэрэггүй гэж бодож байна” хэмээгээд, "АНУ энэ дайнд 'ямар ч арга замаар' ялна” гэж мэдэгджээ.
Трампын Бээжинд хийх гурван өдрийн айлчлал АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд нэлээд ээдрээтэй үед тохиож байна. Түүний нэр хүнд удаан үргэлжилж буй Ираны дайн болон инфляцийн өсөлтөөс шалтгаалан буурч буй. Эдийн засагчдын үзэж байгаагаар, энэ нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн доголдолтой холбоотой аж.
Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас дэлхийн нефтийн тээврийн гол гарц болох Ормузын хоолой хаагдахад хүрч, дэлхийн нефтийн ойролцоогоор тавны нэгийг тээвэрлэдэг байсан усан зам саатсанаар шатахуун, эрчим хүчний үнэ огцом өсөж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж мэдээлжээ.
Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийх уулзалт, хэлэлцээний үеэр Ираны асуудал хэр зэрэг чухал сэдэв болох талаар тодорхой бус, хоорондоо зөрчилтэй мэдэгдлүүд хийжээ. Тэрбээр нисэхийнхээ өмнө сэтгүүлчдэд “Бид энэ талаар удаан ярилцана. Үнэнийг хэлэхэд, Ши Жиньпин харьцангуй сайн ажилласан гэж би бодож байна” гэж хэлсэн бол хэдхэн минутын дараа байр сууриа өөрчилж, “Ираны асуудал бол ярианы гол сэдэв биш, учир нь бид нөхцөл байдлыг хяналтдаа авсан” хэмээн мэдэгджээ.
Трамп Бээжинд лхагва гаргийн орой хүрэлцэн ирж, албан ёсны угталтын дараа зочид буудалдаа байрлаж, пүрэв гарагт төрийн зоог, баасан гарагт Ши Жиньпинтэй ажлын уулзалт хийсний дараа АНУ руугаа буцах төлөвтэй байна.
Энэ нь 2025 оны нэгдүгээр сарын 20-нд түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших Хятад дахь анхны айлчлал бөгөөд хоёр улсын удирдагчид сүүлд 2025 оны аравдугаар сард БНСУ-ын Бусан хотод болсон APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ.
Трамп энэ удаагийн айлчлалаар АНУ-аас Хятадад хүнс, нисэх онгоц худалдан авах хэлэлцээрүүдийг ахиулах зорилготой бөгөөд худалдааны асуудлыг хамгийн гол сэдэв болно гэж мэдэгдсэн байна. Түүнтэй хамт Tesla-ийн гүйцэтгэх захирал Илон Маск, Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук зэрэг АНУ-ын бизнесийн томоохон төлөөлөгчид дагалдан яваа аж.
АНУ-ын засаг захиргаа Хятадтай хийх худалдааны маргааныг зохицуулах зорилгоор “Худалдааны зөвлөл” байгуулах эхлэлийг тавихыг зорьж байгаа аж. Энэ нь өмнө нь тариф нэмэгдсэнээс үүдэн хурцадсан худалдааны дайныг намжаах нэг алхам болно гэж үзжээ.
Мөн Тайванийн асуудал хэлэлцээний чухал сэдэв болох төлөвтэй байна. Хятад улс Тайванийг өөрийн газар нутаг гэж үздэг бол АНУ тус аралд зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаа нь Бээжингийн дургүйцлийг төрүүлж буй. Трамп "Тайваньд зориулсан 11 тэрбум ам.долларын зэвсгийн багцын талаар Ши Жиньпинтэй ярилцана" гэж мэдэгджээ.
Нөгөө талаар Тайвань нь дэлхийн чип үйлдвэрлэлийн тэргүүлэгч учир хиймэл оюун ухааны хөгжлийн гол төв болж, АНУ энэ онд Хятадаас илүү их бараа Тайванаас импортолж эхэлсэн байна.
Трамп Бээжинд хийх айлчлалаа амжилттай болно гэж урьдчилан дүгнэж, Ши Жиньпиний АНУ-д хийх хариу айлчлалын талаар ч ярьж, Цагаан ордны шинэ танхим цагтаа бэлэн болохгүй байгаад харамссан өнгө аястай үг хэлжээ.
Иран, АНУ-ын хэлэлцээ мөн гацсан хэвээр буй, Аббас Арагчигийн Бээжинд хийсэн айлчлалын дараа ч ахиц гараагүй байна. АНУ-ын өндөр албан тушаалтнууд Хятадыг Иранд үзүүлэх нөлөөгөө ашиглан Ормузын хоолойг дахин нээхэд туслахыг уриалсаар байгаа ч Бээжин Ираны хамгийн том газрын тос худалдан авагчийн хувиар тус улстай харилцаагаа хадгалсаар буй юм.
АНУ-ын Сангийн яам Хятадын хэд хэдэн компани Ирантай худалдаа хийсэн гэх үндэслэлээр шинэ хориг арга хэмжээ авч байгаа бол Бээжин эдгээрийг эсэргүүцэж, компаниуддаа АНУ-ын хоригийг үл тоомсорлохыг уриалжээ.
Мөн Трамп "Хятад Иранд агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхээр бэлтгэж байна" гэх мэдээллийн дараа 50 хувийн тариф ногдуулахаар сүрдүүлсэн ч дараа нь Ши Жиньпинээс зэвсэг нийлүүлэхгүй гэсэн бичгээр баталгаа авсан гэж мэдэгдэн шийдвэрээ цуцалсан байна.
Харин АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “Иранд илгээх бэлэг” гэж тодорхойлсон ачаатай Хятадын нэг хөлөг онгоцыг саатуулсан гэж Трамп мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй аж.
Вашингтон, Тегераны хоорондын энхийн хэлэлцээ мөн мухардалд орсон хэвээр байна. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоохыг шаардсан бол Иран дайны нөхөн төлбөр, хориг арга хэмжээг цуцлах зэрэг нөхцөл тавьсан. Трамп эдгээр шаардлагыг “хог” гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: AL JAZEERA