АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайн дууссан гэж үзэж байгаагаа Конгресст мэдэгдсэн талаар “Associated Press” агентлаг мэдээлжээ. Өчигдөр буюу тавдугаар сарын 1-нд Ирантай холбоотой цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх эсэх талаар Конгрессоос зөвшөөрөл авах эцсийн хугацаа дууссан байна.

Трамп Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон болон Сенатын түр дарга Чак Грассли нарт илгээсэн захидалдаа “2026 оны хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн цэргийн ажиллагаа зогссон” гэж бичжээ.

Гэсэн хэдий ч тэрбээр мөн захидалдаа дайн бодитоор бүрэн дуусаагүйг далд утгаар илэрхийлсэн байна. Трамп “АНУ-ын Ираны дэглэмийн эсрэг ажиллагааны амжилт болон тогтвортой энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг үл харгалзан Иранаас АНУ болон манай зэвсэгт хүчинд учирч буй аюул занал ноцтой хэвээр байна” гэж онцолжээ.

АНУ-ын Сенат дахь Ардчилсан намын удирдагч Чак Шумер Цагаан ордны энэ тайлбарыг “утгагүй зүйл” хэмээн шүүмжилсэн аж. Тэрбээр “Энэ бол хууль бус дайн бөгөөд Бүгд найрамдахчууд өдөр бүр үүнийг үргэлжлүүлэхэд оролцож байгаа нь хүний амь насанд аюул учруулж, эмх замбараагүй байдал үүсгэж, үнийг өсгөж байна” гэж X дээр бичсэн байна.

1973 оны “Цэргийн эрх мэдлийн тогтоол”-ын дагуу АНУ-ын Ерөнхийлөгч цэргийн ажиллагааг зөвхөн 60 хоногийн хугацаанд явуулах эрхтэй бөгөөд дараа нь Конгрессоос 30 хоногийн сунгалт хүсэх ёстой байдаг аж.

АНУ-ын зардал 50 тэрбум долларт хүрч магадгүй

CBS News агентлагийн мэдээлснээр, Ираны эсрэг дайны бодит зардал Пентагоны албан ёсны 25 тэрбум долларын тооцооллоос хоёр дахин их буюу ойролцоогоор 50 тэрбум долларт хүрч болзошгүй байгаа ажээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны санхүү хариуцсан албан тушаалтан Жулс Хёрст Конгресст 25 тэрбум доллар гэж мэдэгдсэн ч энэ тоонд эвдэрсэн техник, цэргийн баазуудад учирсан хохирол зэрэг багтаагүй талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Сенатор Крис Кунс мөн энэ тооцоог дутуу хэмээн үзэж, сүүлийн хоёр сарын цэргийн зардал огт багтаагүйг онцолжээ. Мөн “The Wall Street Journal”-д мэдээлснээр, Трамп Ираны эдийн засгийг боомилох зорилгоор нефтийн экспортод чиглэсэн далайн хатуу хориг хэрэгжүүлэх бэлтгэл хийхийг үүрэг болгосон байна.

Иран АНУ-д шинэ санал тавьсан ч хариу алга

Иран улс зуучлагч Пакистанаар дамжуулан АНУ-тай хэлэлцээг сэргээх шинэ төлөвлөгөө хүргүүлсэн талаар Ираны төрийн агентлаг IRNA тавдугаар сарын 1-нд мэдээлжээ. Харин Цагаан ордон энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

АНУ-ын хэвлэлийн төлөөлөгч Анна Келли AFP агентлагт хэлэхдээ “Бид нууц дипломат хэлэлцээний дэлгэрэнгүйг задруулахгүй” гэж мэдэгджээ. Өмнө нь Тегеран дахин хэлэлцээ эхлүүлэх санал тавьсан ч Трамп түүнийг хүлээн авахаас татгалзсан байна.

Мөргөлдөөний нөхцөл байдал

Ирантай холбоотой дайн хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израиль Ираны нутагт цохилт өгснөөр эхэлжээ. Үүний хариуд Тегеран Израиль, Персийн булангийн хэд хэдэн улс болон бүс нутаг дахь АНУ-ын объектууд руу довтолсон байна.

Дөрөвдүгээр сарын эхээр гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлсэн ч мөргөлдөөнийг зохицуулах ажил урагшилсангүй.

Хэлэлцээний ганцхан шат дөрөвдүгээр сарын 11-нд Пакистанд болсон ч үр дүнгүй дуусжээ. Стратегийн чухал Ормузын хоолой Ираны цэргийн хяналтад хэвээр байгаа бол АНУ Ираны боомтуудад тэнгисийн хориг үргэлжилж буй юм.

Эх сурвалж: DW