Саудын Араб улс Ойрх Дорнодын дайны үеэр өөрийн нутаг дэвсгэрт болсон халдлагын хариу болгон Иран руу олон удаагийн, албан ёсоор зарлаагүй цохилтууд өгсөн гэж барууны хоёр болон Ираны хоёр албан тушаалтан Reuters-т мэдээлжээ.
Саудын эдгээр цохилтууд өмнө нь олон нийтэд ил болоогүй бөгөөд тус улс анх удаа Ираны нутаг дэвсгэр дээр шууд цэргийн ажиллагаа явуулсан тохиолдол болж байна гэж эх сурвалжууд онцолсон байна. Энэ нь бүс нутаг дахь гол өрсөлдөгчийнхөө эсрэг өөрийгөө хамгаалах тал дээр Саудын Араб илүү зоримог, шийдэмгий болж байгааг харуулж буй хэрэг гэж дүгнэжээ.
Барууны хоёр албан тушаалтны мэдээлснээр, Саудын Арабын Агаарын цэргийн хүчин эдгээр цохилтуудыг гуравдугаар сарын сүүлчээр үйлдсэн бөгөөд нэг нь үүнийг “Саудын Араб руу хийсэн халдлагын хариуд өгсөн өшөө авалтын шинжтэй цохилт” гэж тодорхойлсон байна. Харин яг ямар объектууд онилогдсоныг Reuters агентлаг тодорхойлж чадаагүй байгаа аж.
Саудын Арабын Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан энэ талаар тайлбар хийхдээ цохилт болсон эсэхийг шууд батлах, эсвэл үгүйсгэхээс татгалзсан бол Ираны Гадаад хэргийн яам мөн тайлбар өгөөгүй байна.
Саудын Араб нь АНУ-тай цэргийн гүнзгий холбоотой бөгөөд уламжлал ёсоор Вашингтоны хамгаалалтад түшиглэдэг байсан ч сүүлийн 10 долоо хоногийн мөргөлдөөний явцад АНУ-ын “хамгаалалтын шүхэр”-ийг нэвтэлсэн халдлагуудад өртөх эмзэг байдал нэмэгдсэн гэж үзэж байгаа аж.
Харин мөргөлдөөн өргөжиж эхэлснээр бүс нутгийн нөхцөл байдал хурцдаж, АНУ болон Израиль Иран руу агаарын цохилт өгснөөр эхэлсэн дайн Ойрхи Дорнод даяар тархаж, олон орон шууд болон шууд бус байдлаар татагдан орсон гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн АНЭУ ч Иранд цэргийн ажиллагаа явуулсан тухай мэдээлэл гарсан бөгөөд энэ нь Персийн булангийн орнууд анх удаа Ираны халдлагад зөвхөн хамгаалах бус, хариу цохилт өгч эхэлснийг харуулж байна гэж дүгнэсэн байна.
Гэсэн хэдий ч Саудын Араб болон АНЭУ-ын хандлага ялгаатай байжээ. АНЭУ илүү хатуу байр суурь баримталж, Иранд дарамт үзүүлэх чиглэлтэй байсан бол Саудын Араб мөргөлдөөнийг даамжруулахгүй байхыг эрмэлзэж, Тегерантай тогтмол дипломат харилцаагаа хадгалж байсан гэжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Саудын Араб Иранд цохилт өгсөн талаар урьдчилан мэдэгдэж, үүний дараа хоёр талын хооронд эрчимтэй дипломат хэлэлцээ өрнөсөн бөгөөд дахин цохилт өгөх тухай анхааруулга ч өгсөн байна. Ингэснээр талууд мөргөлдөөнийг намжаах, хурцадмал байдлыг бууруулах тохиролцоонд хүрсэн гэж үзжээ.
Олон улсын судлаачид энэ үйл явцыг хоёр тал харилцан ашиг сонирхлоо ойлгож, хяналтгүй хурцадмал байдал илүү өндөр өртөгтэй болохыг хүлээн зөвшөөрсний илрэл гэж тайлбарласан байна. Ийнхүү албан бус тохиролцоо дөрөвдүгээр сарын 7-нд АНУ болон Ираны хооронд гал зогсоох тохиролцоонд хүрэхийн өмнөх долоо хоногт хэрэгжиж эхэлжээ.
Хэдийгээр олон арван жилийн турш сөргөлдөж ирсэн ч Иран болон Саудын Араб нь бүс нутгийн олон мөргөлдөөнд эсрэг талуудыг дэмжиж ирсэн. 2023 онд БНХАУ-ын зуучлалаар харилцаагаа сэргээж, Йемений хуситуудтай холбоотой гал зогсоох тохиролцоонд хүрч байсан түүхтэй.
Сүүлийн мөргөлдөөний үеэр Улаан тэнгисийн тээвэрлэлт харьцангуй нээлттэй байсан нь Саудын Арабад нефть экспортоо үргэлжлүүлэх боломж олгож, бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад илүү тогтвортой байдал хадгалах нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэжээ.
Харин Саудын Арабын тагнуулын албаны дарга асан Турки аль-Файсал хэлэхдээ, "Иран болон бусад талууд Саудын Арабыг мөргөлдөөн, сүйрэлд татан оруулахыг оролдсон ч тус улсын удирдлага иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахыг эрхэмлэж, хөрш орнуудын дарамт, өдөөн хатгалгыг тэвчин өнгөрөөх замыг сонгосон" гэж онцолжээ.
Мөн Саудын Гадаад хэргийн сайд гуравдугаар сарын 19-нд хийсэн мэдэгдэлдээ шаардлагатай тохиолдолд цэргийн арга хэмжээ авах эрхээ хадгалж байгаагаа илэрхийлж, хэд хоногийн дараа Ираны дипломат ажилтнуудыг нутаг дэвсгэрээсээ гаргах шийдвэр гаргасан байна.
Сүүлийн үеийн мэдээллээр, гуравдугаар сарын сүүлчээр халдлагын эрчим багасч, дипломат харилцаа идэвхжсэнээр талууд дахин намжаах тохиролцоонд хүрсний үр дүнд Иран болон холбоот бүлгүүдийн Саудын Араб руу чиглэсэн пуужин, дрон довтолгоо буурсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Гэсэн хэдий ч дөрөвдүгээр сарын эхээр богино хугацаанд дахин хурцадмал байдал нэмэгдэж, Саудын Араб хариу цохилт хийх талаар дахин авч хэлэлцсэн бөгөөд бүс нутгийн бусад орнууд дипломат аргаар хурцадмал байдлыг намжаахыг оролдсон байна.
Эх сурвалж: REUTERS