Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон байж болзошгүй үйлдэлтэй холбоотойгоор философич С.Молор-Эрдэнэ нарын хүмүүсийг шалгаж эхэлжээ.

С.Молор-Эрдэнэ өмнө нь олон нийтийн сүлжээ болон бусад хэлбэрээр Монголын түүх, монголчуудын үндэс угсаа, Чингис хааны түүхэн хамаарлын талаар уламжлалт ойлголтоос эрс ялгаатай байр суурь илэрхийлсээр ирсэн.

Тухайлбал, тэр “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй...” гэх зэрэг байр суурь илэрхийлсэн байна. Гэхдээ тухайн үзэл бодлоороо хууль зөрчсөн эсэхийг эрх бүхий байгууллагын шалгалт, цаашдын шийдвэрээр эцэслэн тогтоох билээ.

Эх сурвалжийн мэдээллээр, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, нөгөө талаас үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, түүх соёлын үнэт зүйлсийг хамгаалах төрийн үүрэг хоорондоо хаана огтлолцох вэ гэдэг илүү том асуудал хөндөгдөж буй юм байна.