Владимир Путин Оросын Стратегийн пуужингийн цэргүүдэд шинэ тив алгасагч баллистик пуужин амжилттай туршсанд баяр хүргэхдээ "RS-28 Sarmat"-ыг дэлхийн хамгийн хүчирхэг пуужингийн систем хэмээн онцолжээ. Тэрбээр “Зөөвөрлөх цөмийн цэнэгийн нийт хүчин чадал нь барууны одоогийн хамгийн хүчирхэг ижил төрлийн системээс дөрөв дахин илүү” гэж мэдэгдсэн байна.

Мөн энэ пуужин зөвхөн баллистик бус, суборбиталь траекториор (тойрог замд бүрэн орохгүй) нисэх боломжтой бөгөөд тусгалын хүрээ нь 35 мянган километрээс давна. Ингэснээр одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх төрлийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх чадвартай гэж үзэж байгаа аж. Анхны пуужингийн хороог энэ оны эцэс гэхэд байлдааны бэлэн байдалд оруулахаар төлөвлөжээ.

Аналоггүй зэвсгүүд

Орос улс АНУ Пуужингийн довтолгооноос хамгаалах гэрээнээс гарснаас хойш буюу 2000-аад оны эхнээс цөмийн тогтоон барих хүчээ шинэчилж эхэлжээ. 

Путин “2017 оноос байлдааны жижүүрт орсон, агаараас харвах дунд тусгалын гиперсоник "Kh-47M2 Kinzhal" пуужин манайд бий. Уг пуужинг цэргийн тусгай ажиллагаанд ашиглаж буй бөгөөд цөмийн бус тоноглолтой хувилбарын нарийвчлалыг сайжруулах ажил үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэр "Poseidon нэртэй жолоодлогогүй шумбагч аппарат болон дэлхий даяар хүрэх тусгалтай Burevestnik далавчит пуужингийн бүтээн байгуулалтын ажил бараг бүрэн дууссан" гэж онцолжээ.

Мөн өнгөрсөн оноос эхлэн газрын суурьтай дунд тусгалын "Oreshnik" цогцолбор байлдааны бэлэн байдалд орсон бөгөөд үүнийг мөн цөмийн хошуугаар тоноглох боломжтой гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI