Дэлхий дахинд нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой хүндрэл, эрсдэл нэмэгдэж буй энэ үед шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах нь Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын тогтвортой үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний импортын сувгийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас авах шатахууны хэмжээг дотоодын нийт хэрэглээний 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж буй.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 30 орчим аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч, шатахууны нийлүүлэлт, хангамжийн асуудлаар санал солилцов.
Шатахууны найдвартай хангамж уул уурхайн салбарын тогтвортой үйл ажиллагааны гол нөхцөл
Уулзалтын үеэр шатахууны найдвартай, тасралтгүй хангамжийг бүрдүүлэх нь уул уурхайн салбарын хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах үндсэн нөхцөл болохыг онцоллоо.
Мөн БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хороо болон Петрочайна компанийн удирдлагуудад Монгол Улсын шатахууны хангамжийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг уламжилж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлэхээр болов.
Монгол Улсын нийт шатахууны хэрэглээний ойролцоогоор 65 хувийг дизель түлш эзэлдэг. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын жилийн дизель түлшний хэрэглээ 1.2 сая тонн орчим байна.

БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна
Монгол Улс БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлон авах, шилжүүлэн ачих байгууламж болон агуулахын нийт хүчин чадлыг нэмэгдүүлж, одоогоор сард 150 мянган метр куб хүргэх боломж бүрдээд байна.
Энэ хүрээнд БНХАУ-аас наймдугаар сард 6000 тонн АИ-92 бензин, 2000 тонн дизель түлш, 3000 тонн онгоцны түлш тус тус нийлүүлжээ.
БНХАУ-ын тал ирэх есдүгээр сард АИ-92 бензин 10,000 тонн, онгоцны түлш 3000 тонн нийлүүлэхээ илэрхийлжээ.
Гэвч дизель түлшний нийлүүлэлтийн хэмжээнд одоогийн байдлаар тодорхой санал ирүүлээгүй байгаа аж. Энэ нь дизель түлшний гол хэрэглэгч болох уул уурхайн салбарын хувьд анхаарах шаардлагатай асуудал болж буй юм.
Иймд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж, шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах асуудлыг уулзалтын үеэр хэлэлцжээ.
Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хамтран ажиллахаа илэрхийллээ
Уулзалтад оролцсон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол Улсын шатахууны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэвшүүлсэн саналыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Талууд наймдугаар сарын 29-ний өдөр гэхэд хэрэгжүүлж буй ажил, гарсан үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөхөөр тохиролцсон байна.
Ажлын хэсэг БНХАУ-ыг зорилоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалайгаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ыг зорьжээ.
Тус ажлын хэсэг БНХАУ-ын Петрочайна компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, тэр дундаа дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой болгох асуудлаар хэлэлцээ хийх аж.
Мөн ирэх сард БНХАУ-д зохион байгуулагдах уул уурхайн салбарын томоохон арга хэмжээний нэг болох “China Mining” чуулганы бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох талуудтай ажиллах юм байна.
Ийнхүү Монгол Улс шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импортын сувгийг төрөлжүүлэх, уул уурхайн салбарын түлшний хангамжийг тасралтгүй байлгах чиглэлээр БНХАУ-ын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа аж.