Украины Батлан хамгаалахын сайд асан Михайл Фёдоров эрх баригчдыг улс төрийн хувьд шинэчлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн нь дайн дуусаагүй байхад Украинд сонгууль явуулах боломжтой юу гэсэн маргааныг дахин дэвэргэв.

Өнөөгийн нөхцөлд сонгууль явуулах нь Украины ардчиллыг бэхжүүлэх үү, эсвэл эсрэгээрээ ийм уриалга нь Оросын суртал ухуулгад ашигтай нөхцөл бүрдүүлэх үү?

DW эдгээр асуултыг Словакийн аналитик төв GLOBSEC-ийн батлан хамгаалах асуудал хариуцсан судлаач Рожер Хилтонтой ярилцаж тодруулжээ.

DW: -Ноён Хилтон, Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров одоогийн эрх баригчдыг шүүмжилж, улс төрийн шинэчлэл хийх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн. Та үүнийг хэрхэн үнэлж байна вэ? Энэ нь Украины дотоод улс төр болон олон улсын түншүүдтэйгээ харилцах харилцаанд ямар утга учиртай байж болох вэ?

Роджер Хилтон

Рожер Хилтон: -Ерөнхийдөө Федоровын хөндсөн асуудлууд бол Украины ардчиллын ирээдүйтэй холбоотой бүрэн үндэслэлтэй асуултууд бөгөөд эдгээрийг хэлэлцэх шаардлагатай. Гэхдээ ийм хэлэлцүүлэг нь улсыг хуваах бус, харин бэхжүүлэх зорилготой байх ёстой. Эцсийн дүндээ Украины ард түмэн улс төрийнхөө ирээдүйг сонгуулиар шийднэ.

Тэр мөч хүртэл улс төрийн бүх тоглогч Украин улс сонгууль явуулах хэмжээнд хүрэхдээ  ардчилсан институцүүдээ хадгалах, нийгмийн эв нэгдлийг хамгаалах, улс орныг дотроос нь хуваагдуулахгүй байх үүрэгтэй. Тиймээс одоогийн хамгийн чухал зорилт бол Украины үндэсний эрх ашиг болон үндэсний эв нэгдэл байх ёстой.

Олон улсын түншүүдийн байр суурийн тухайд гэвэл сонгуулийг хэзээ, хэрхэн явуулахыг зөвхөн Украин өөрөө шийдэх ёстой. Москва ч биш. Вашингтон ч биш. Брюссель ч биш, Оттава ч биш. Олон улсын түншүүд сонгуулийн үйл явцыг дэмжиж болно. Гэхдээ хэзээ сонгууль явуулахыг тэд тодорхойлох ёсгүй.

Өнөөдөр Украинд сонгууль явуулах бодит боломж бий юу?

DW: -Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон аюулгүй байдлын асуудлыг харгалзан үзвэл Украинд одоо сонгууль явуулах хэр бодитой вэ?

Рожер Хилтон: -Миний бодлоор энд хоёр өөр асуудлыг хооронд нь ялгах хэрэгтэй. Нэгдүгээрт, ардчиллын үүднээс сонгууль явуулах шаардлагатай гэсэн аргумент. Хоёрдугаарт, яг одоо сонгуулийг бодит байдал дээр зохих ёсоор явуулж чадах эсэх асуудал.

Украин улс ардчиллаа шинэчлэх талаар бодох ёстой гэсэн байр суурь бол үндэслэлтэй. Украин зөвхөн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа биш. Тэр мөн өөрийн ардчилсан үнэт зүйл, улс төрийн мөн чанарын төлөө тэмцэж байна. Тиймээс удаан үргэлжилж буй дайны нөхцөлд улс төрийн хууль ёсны байдал + иргэдийн төрд итгэх итгэл маш чухал ач холбогдолтой.

Гэхдээ нөгөө талаас сонгууль явуулах нь Украины аюулгүй байдалд асар том эмзэг цэг бий болгоно. Орос улс сонгуулийн үйл явцад худал мэдээлэл, дезинформаци түгээх, кибер ажиллагаа явуулах, нөлөөллийн кампанит ажил өрнүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулах зэрэг арга ашиглах магадлал өндөр.

Эдгээр эрсдэлийг бүрэн арилгах боломжгүй. Тиймээс хамгийн зөв хувилбар нь Оросын оролцох гэсэн оролдлого бүрийг урьдчилан хаах биш, харин ийм олон төрлийн аюул заналыг тэсвэрлэж чадах, тогтвортой сонгуулийн тогтолцоо бий болгож, иргэдийн итгэлийг хамгаалах явдал юм.

Дайн үргэлжилж байхад сонгууль явуулахад ямар хүндрэл гарах вэ? Энд сонгуулийн практик тал маш чухал. Украинд одоо хүртэл цэргийн байдал хэрэгжиж, байлдааны ажиллагаа үргэлжилж байна. Ийм нөхцөлд дараах хүмүүсийг сонгуульд бүрэн, аюулгүй оролцуулах нь маш хэцүү:

Өөрөөр хэлбэл, фронтод байгаа цэргүүд, дайны улмаас орон гэрээ орхисон дотоодын дүрвэгсэд, Оросын пуужин, дроны довтолгоонд өртөж буй бүс нутгийн иргэд, гадаадад амьдарч байгаа сая сая украинчууд, эзлэгдсэн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжсэн хүмүүсийг.

Тиймээс Хилтон “Одоо сонгууль явуулах уу, эсвэл дараа нь ардчилалтай болох уу?” гэж асуудлыг тавих нь буруу гэж үзэж байна. Харин “Сонгууль хууль ёсны, аюулгүй, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц байхын тулд ямар нөхцөл бүрдэх ёстой вэ?” гэж асуух нь зөв.

Дайны үеийн сонгуулийн түүхэн жишээ бий юу? Тийм. АНУ-ын Иргэний дайны үеэр сонгууль явуулж байсан түүх бий. Энэ нь дайн өөрөө сонгууль явуулах боломжгүй болгодог гэсэн үг биш болохыг харуулсан. Гэхдээ Украины нөхцөл байдал үүнээс хавьгүй төвөгтэй.

Учир нь, Украинд идэвхтэй гадаадын цэргийн түрэмгийлэл үргэлжилж байгаа, улсын тодорхой хэсэг Оросын эзлэлтэд байгаа, сая сая иргэн нутаг дэвсгэрээсээ шилжин дүрвэсэн. Тиймээс Украины өнөөгийн нөхцөл байдлыг түүхэн жишээтэй шууд адилтгах боломжгүй.

Сонгууль Оросын суртал ухуулгын хэрэгсэл болж магадгүй юу?

DW: -Украины нөлөө бүхий улс төрчид эрх баригчдыг нэн даруй шинэчлэх, сонгууль явуулахыг шаардах нь “Украины одоогийн засаглал хууль бус болсон, яаралтай сонгууль явуулах ёстой” гэсэн Оросын суртал ухуулгын агуулгад үйлчилж байгаа юм биш үү?

Рожер Хилтон: -Тийм эрсдэл байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Гэхдээ үүнээс ч том асуудал бий. Сонгууль өөрөө Украины хувьд хэдийнэ маш хүнд байгаа аюулгүй байдлын дарамтад нэрмээс болно. Өөрөөр хэлбэл, сонгууль нь бараг утгаараа “Дайны өөр нэг фронт” болж хувирч болзошгүй.

Орос улс сонгуулийн үйл явцад нөлөөлөх маш олон шалтгаантай. Ингэснээр Украин зөвхөн нутаг дэвсгэр + хүн ам хоёроо хамгаалаад зогсохгүй ардчилсан үйл явцынхаа бүрэн бүтэн байдлыг ч хамгаалах шаардлагатай болно. Гэхдээ сонгуулийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах ёстой гэсэн үг биш

Сонгуулийг хэзээ ч явуулахгүй гэж байгаа юм биш. Харин сонгууль Украины өөрийн нөхцөлөөр, Украины өөрийн шийдвэрээр, аюулгүй байдал хангагдсан үед, иргэдийн оролцоог аль болох бүрэн хангаж, үр дүнг нь олон нийт болон олон улсын түншүүд хүлээн зөвшөөрөх боломжтой үед явагдах ёстой.

Украины ардчилал хэр тогтвортой байгааг харуулах зорилготой сонгууль өөрөө Оросын ашиглаж болох “дайн тулааны шинэ талбар” болж хувирах эрсдэлтэй.

Эх сурвалж: DW