Олон жилийн турш Хойд Солонгосын шөнийн хиймэл дагуулын зураг дээр хэдхэн гэрэлтэй цэг л харагддаг байжээ. Цахилгаан эрчим хүчний тасалдал ихтэй учраас хотуудын ихэнх хэсэг харанхуй хэвээр байдаг байсан аж.

Гэтэл NK News "2020 оны дөрөвдүгээр сараас хойших зургаан жилийн хугацаанд Пёньяны төв хэсгийн гэрэлтсэн талбай хоёр дахин нэмэгдэж, гэрлийн эрчим нь гурав дахин өссөн байна" гэж мэдээлжээ.

Тус хэвлэлийн зохиогчид үүнийг Хойд Солонгосын эрх баригчид нийслэлийн төвд шинээр баригдаж буй барилга байгууламж, зам тээврийн дэд бүтцийг цахилгаанаар хангахад онцгой ач холбогдол өгч буйн нотолгоо гэж үзэж байгаа аж. Эрх баригчид нь эдийн засгийн ололт амжилтаа ийнхүү илүү тодорхой харуулахыг зорьж байгаа бололтой.

Пёньян сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөв

Пешеходная зона в Пхеньяне на фоне новых многоэтажных домов

2021 оны нэгдүгээр сард болсон Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хурлын үеэр Ким Жон Ун Пёньянд 50,000 шинэ орон сууц барих төлөвлөгөөгөө зарласан. Энэ төлөвлөгөө хэрэгжиж буй жишээ нь Хвасон шинэ хороолол аж.

Тэнд Хойд Солонгосын “Хвасон” тив алгасах баллистик пуужинтай төстэй хэлбэр бүхий 40 давхар хоёр орон сууцны барилга хүртэл сүндэрлэжээ. Гэхдээ өндөр барилгатай шинэ хорооллууд нь БНАСАУ-ын амьдрал сайжирч буйн цорын ганц жишээ биш аж.

Пёньянд олон жил очиж ирсэн хүмүүсийн хэлж байгаагаар хот улам орчин үеийн болсоор буй юм байна. Тухайлбал: Хятадаас орж ирсэн цахилгаан автомашин зэрэг импортын машин олширч, ухаалаг утасны аппликейшн ашиглан QR кодоор төлбөр хийх, такси дуудах, худалдааны төвүүдээр үйлчлүүлэх, барууны хувцас, гоо сайхны брэндүүд худалдаалах зэрэг үзэгдэл нэмэгдсээр байгаа аж.

Дети на пляже в Вонсане

Нийслэлд нь мөн улсынхаа хамгийн том эмнэлгийн амбулаторийн цогцолбор, түүнчлэн Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнтэй ойролцоо хэмжээтэй томоохон хүлэмжийн цогцолбор баригджээ.

Хойд Солонгосын зүүн эрэгт Ким Жон Ун өнгөрсөн жил Вонсан-Кальма далайн эргийн амралтын цогцолборыг нээсэн. Тус газар нь таван километр урт далайн эрэг, олон зочид буудалтай бөгөөд нэг дор 20,000 жуулчин хүлээн авах хүчин чадалтай аж.

Бүр хоёр сарын өмнө АНУ-ын The Wall Street Journal сонин Хойд Солонгосыг “дэлхийн хамгийн гайхамшигтай эдийн засгийн амжилтын түүх” хэмээн нэрлэсэн байна.

ОХУ-д зэвсэг худалдах, кибер халдлагаас олсон орлого

Энэ гэнэтийн эдийн засгийн өсөлтийг Пёньяны дэглэм юугаар санхүүжүүлж байна вэ? Нийтлэлд дурдсанаар, хамгийн гол эх үүсвэр нь Оросын Украинд явуулж буй дайнд Хойд Солонгос оролцож байгаагаас олж буй асар их орлого аж.

Лидеры России и КНДР Владимир Путин и Ким Чен Ын на аэродроме в Пхеньяне, 19 июня 2024 года

Сөүлийн Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн (INSS) гуравдугаар сард гаргасан тайланд Хойд Солонгос ОХУ-д сум, зэвсэг нийлүүлэх болон цэргээ дайны бүсэд илгээснийхээ хариуд 7.7–14.4 тэрбум ам.доллар олсон байж болзошгүй гэж дурджээ.

Bloomberg Economics-ийн саяхны тооцоогоор, Орост үзүүлсэн цэргийн дэмжлэг нь 2022-2025 онд БНАСАУ-д 14 тэрбум гаруй ам.долларын орлого авчирсан байна. Үүн дээр Хятадтай хийсэн худалдаа, хойд солонгос ажилчдыг гадаадад илгээснээс олох орлого, экспорт, кибер гэмт хэргээс олсон мөнгө зэргээс бараг 8 тэрбум доллар нэмэгдсэн гэж тооцоолжээ.

Кибер халдлага ч асар их мөнгө авчирч байна

2025 оны хоёрдугаар сард криптовалютын Bybit платформд хийсэн хамгийн том халдлагын үеэр Хойд Солонгосын хакерууд 1.5 тэрбум долларын Ethereum хулгайлсан байж болзошгүй аж. Харьцуулбал, Хойд Солонгосын жилийн ДНБ тухайн үед ойролцоогоор 27 тэрбум доллар байжээ. Өөрөөр хэлбэл, ганц том кибер халдлагаар улсын жилийн эдийн засгийн үйлдвэрлэлийн 20 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө олж авах боломжтой болсон гэсэн үг.

Ким Жон Ун: Бүх зүйлийг үндсээр нь өөрчилсөн

Ажиглагчид "Оросын холбоотон болсон Ким Жон Уны шинэ байр суурь түүнд улс төрийн жин болон цэргийн хүчийг асар ихээр нэмэгдүүлэх боломж олгосон" гэж үзэж байгаа аж. Үүний нэг тод жишээ нь саяхан 5000 тоннын усан түрцтэй хоёр эсминецийг усанд оруулсан явдал юм байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Ким Жон Ун 15 жилийн турш төр барихдаа өнөөдрийнх шиг их нөлөө, их мөнгөтэй байж үзээгүй аж. Энэ нь үнэхээр гайхалтай өөрчлөлт юм. COVID-19 цар тахлын үеэр Ким Жон Ун жин нь мэдэгдэхүйц буурсан байдалтай, нулимс дуслуулан Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хурал дээр “Эдийн засгийн бараг бүх салбар хүлээлт хангаж чадсангүй” хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.

Харин таван жилийн дараа IX их хурлыг зохион байгуулсан байрны өмнө 600 мм-ийн 50 шинэ, өндөр нарийвчлалтай олон сумт пуужин харвагч байрлуулжээ. Энэ удаа Ким Жон Ун баяр хөөртэйгөөр “Бүх зүйлийг үндсээр нь өөрчилсөн” гэж мэдэгдсэн байна.

Хойд Солонгос олон улсын тусгаарлалтаас гарч байна уу?

Шинжээчдийн үзэж байгаагаар, Оростой түншилж, Хятадтай харилцаагаа өргөжүүлснээр Хойд Солонгос олон улсын улс төр дэх “гадуурхагдсан улс” гэсэн байр сууриасаа тодорхой хэмжээгээр гарч эхэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны зургадугаар сард Хойд Солонгост айлчилсан. Үүний дараа Хятадын дарга Ши Жиньпин мөн айлчилсан билээ. 2026 оны гуравдугаар сард Ким Жон Ун Пёньянд Беларусийн удирдагч Александр Лукашенког хүлээн авч уулзсан.

Мөн 2025 оны есдүгээр сард Ким Жон Ун Бээжинд болсон Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн арга хэмжээнд Ши Жиньпин, Владимир Путин нартай хамт оролцсон. Ингэснээр Хойд Солонгос өмнө нь байгаагүйгээр Орос-Хятад-Хойд Солонгосын геополитикийн хүрээнд илүү тод байр суурьтай болж буй.

Хойд Солонгос цэргээ Орос руу илгээсний ашиг

ОХУ-д Хойд Солонгосын хэдэн арван жилийн турш хуримтлуулсан асар их артиллерийн сум, зэвсгийн нөөц хэрэгтэй болсон. Украины талын тооцоогоор, БНАСАУ 2024-2025 онд Оросын шаардлагатай байсан артиллерийн сумны тал орчим хувийг нийлүүлсэн байж болзошгүй аж. Киев "Үүнээс гадна өөрөө явагч артиллерийн систем, олон сумт пуужин харвагч, аллистик пуужин нийлүүлсэн" гэж мэдэгдсэн байна.

Украины эрх баригчдын мэдээлснээр Пёньян одоо ОХУ-д 90 цэргийн алба хаагч, зургаан харвах төхөөрөмж, бараг 120 пуужин бүхий пуужингийн цэргийн нэгж байрлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Хэдэн мянган хойд солонгос цэрэг ОХУ-д очсон бэ?

Ким Чен Ын приветствует раненых северокорейских солдат, вернувшихся из России, 12 декабря 2025 года

Нийтлэлд дурдсанаар, 16,000-22,000 орчим хойд солонгос цэрэг Оросын талд тусалж, Украинтай хил залгаа Курск мужид Украины цэргийг шахан гаргах ажиллагаанд, дараа нь тус бүсийг минаас цэвэрлэх ажилд оролцжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлснээр, Ким Жон Ун Орост дахин 30,000-50,000 цэрэг илгээх хүсэлтэй байгаа аж. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Пёньянд энэ нь санхүүгийн хувьд маш ашигтай наймаа болох нь.

INSS-ийн мэдээллээр Ким нэг цэрэг тутамд сард 2,800 доллар, нэг офицер тутамд 3,000 доллар, байлдааны үеэр амь үрэгдсэн нэг хойд солонгос цэрэг тутамд 6,000-10,000 доллар авдаг гэж тооцоолжээ.

“20×10” хөтөлбөр бүтэлгүйтэх үү?

Энд Хойд Солонгосын эдийн засгийн өсөлтийн хамгийн том сул тал гарч ирж буй аж. Ажиглагчид "Одоогийн эдийн засгийн өсөлт БНАСАУ-ын хүн амын ихэнх хэсгийн амьдралд бараг нөлөөлөөгүй" гэж үзэж буй юм байна.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, үндэсний мөнгөн тэмдэгт болох воны ханш суларсан нь гадаад валют ашиглах боломжгүй ядуу иргэдэд маш хүндээр тусаж буй аж. Зарим гэр бүлийн хувьд өмнөх амьжиргааны түвшингээ хадгалахын тулд эмэгтэйчүүд хүртэл ажил хийх шаардлагатай болжээ.

Ким Жон Ун 2024 оны хавар “20×10” бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр зарласан. Зорилго нь, жил бүр 20 хот, суманд орчин үеийн хөнгөн үйлдвэр байгуулах бөгөөд үүнийг 10 жилийн турш үргэлжлүүлэх аж. Ингэснээр муж, орон нутгийн иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, Пёньян болон хөдөө орон нутгийн ялгааг багасгах юм байна.

Сөүлийн Күкмин их сургуулийн профессор, Хойд Солонгос судлалын дэлхийн нэртэй мэргэжилтэн Андрей Ланьков "Энэ хөтөлбөрийн хүрээнд баригдсан үйлдвэрүүд ихэнхдээ амжилтгүй болдог" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүний тайлбарласнаар, шинэ үйлдвэрүүдэд шаардлагатай дэд бүтэц байхгүй, цахилгаан эрчим хүчний тогтвортой эх үүсвэр байхгүй, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт төлөвлөгдөөгүй, түүхий эдийн хангамж хангалтгүй байдаг аж. Үүнээс гадна эдгээр үйлдвэрүүд төлөвлөгөөт эдийн засгийн зарчмаар ажилладаг нь жижиг, дунд үйлдвэрлэлд маш их саад болдог байна.

Хойд Солонгосын өнөөгийн өсөлтийн жинхэнэ шалтгаан юу вэ?

Профессор Ланьковын дүгнэлт маш чухал. 2010-аад оны дунд үед БНАСАУ-д ажиглагдсан эдийн засгийн өсөлтөөс ялгаатай нь өнөөгийн өсөлт дотоодын эдийн засгийн шинэчлэлийн үр дүн биш, харин гадаад орчин таатайгаар бүрэлдсэнтэй холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, өмнө нь дотоодын зах зээлийн өөрчлөлт → эдийн засгийн өсөлт байсан бол одоо Оросын дайны хэрэгцээ → зэвсгийн экспорт + цэрэг илгээх → их хэмжээний валют → барилга, үйлдвэрлэл, цэрэг → эдийн засгийн өсөлт гэсэн бүтэц давамгайлж буй юм байна.

Эх сурвалж: DW