Австралийн эрдэмтэд хөхний хорт хавдрын хамгийн түрэмгий хэлбэрүүдийн нэг болох гурвалсан сөрөг хөхний хорт хавдар (TNBC)-ын үсэрхийлэл үүсэхийг сааруулдаг miR-342 хэмээх молекул илрүүлжээ.

Энэ талаар судалгааны ахлах хамтран зохиогчдын нэг, Аделаидын их сургуулийн дэд профессор Филип Грегори РИА Новости агентлагт мэдээлсэн байна.

Тэрбээр “Бидний судалгаагаар miR-342 молекулын түвшин бага буй гурвалсан сөрөг хөхний хорт хавдрын эсүүд илүү аюултай үсэрхийлэл болж идэвхтэй өсөх чадвартай болохыг харууллаа” гэжээ.

Эрдэмтэд miR-342 молекулын түвшинг сэргээхэд хавдар уушги, элэг болон бусад эрхтэнд тархах явц мэдэгдэхүйц саардаг болохыг тогтоосон байна.

Үсэрхийллийг сааруулах шинэ боломж

Гурвалсан сөрөг хөхний хорт хавдар нь эмчилгээний хувьд хамгийн хүндрэлтэй хэлбэрүүдийн нэгд тооцогддог. Учир нь, энэ төрлийн хавдрын эсүүдэд эстроген, прогестерон болон HER2 зэрэг бусад түгээмэл эмчилгээний бай болдог рецепторууд илэрдэггүй аж.

Судлаачдын шинэ ажил нь хавдрын эсүүд биеийн бусад хэсэгт тархан очсоны дараа хэрхэн өсөж, хоёрдогч хавдар буюу үсэрхийлэл үүсгэдгийг ойлгоход чухал ач холбогдолтой юм байна.

Эрдэмтдийн тогтоосноор, miR-342-ийн хэмжээ буурах үед хавдрын эсүүд илүү идэвхтэй өсөж, бусад эрхтэнд үсэрхийлэл үүсгэх нөхцөл бүрддэг ажээ. Харин уг молекулын түвшинг нэмэгдүүлэхэд хавдрын тархалт мэдэгдэхүйц буурчээ.

Палбоциклиб эм ч үр дүнтэй байж болохыг тогтоожээ

Судалгааны өөр нэг анхаарал татахуйц үр дүн нь палбоциклиб хэмээх эмтэй холбоотой аж. Судлаачид miR-342-ийн түвшин бага, хавдрын эсүүд биеийн хэмжээнд хэдийнэ тархсан тохиолдолд өөр төрлийн хөхний хорт хавдрын эмчилгээнд одоо хэрэглэгддэг палбоциклиб эмийг туршиж үзжээ.

Туршилтын үр дүнд палбоциклиб нь үсэрхийллийн голомтуудын өсөлтийг онцгой үр дүнтэйгээр дарангуйлж буйг тогтоосон байна.

РИА Новости агентлагийн сурвалжлагч палбоциклиб яагаад ийм үр дүнтэй байсныг Филип Грегоригоос тодруулахад тэрбээр судлаачид одоогийн байдлаар үүний нарийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгааг хэлжээ.

Гэвч эрдэмтэн нэг боломжит тайлбар бий гэж үзэж буй юм байна. Тэрбээр “Үүний нэг боломжит шалтгаан нь үсэрхийлэл үүсдэг орчин анхдагч хавдрын орчноос хавдрын эсүүд үржихэд илүү тааламжгүй байдагтай холбоотой байж болох юм” гэж хэлжээ.

Түүний тайлбарласнаар, ийм нөхцөлд хавдрын эсийн хуваагдлыг хориглох буюу саатуулах эмчилгээ илүү үр дүнтэй ажиллах боломжтой аж. Гэхдээ энэ эмчилгээ хэчнээн өвчтөнд тохирох нь одоогийн байдлаар тодорхойгүй юм байна. 

Судлаачид энэхүү үр дүнг ирээдүйтэй гэж үзэж буй ч miR-342-ийн ямар түвшинд хүрсэн үед гурвалсан сөрөг хөхний хорт хавдар палбоциклиб зэрэг эмэнд мэдрэг болдгийг хараахан тогтоогоогүй байгаа аж.

Филип Грегоригийн хэлснээр, уг эмчилгээ хэчнээн өвчтөнд үр дүнтэй байхыг эрдэмтэд одоо хэлэх боломжгүй бөгөөд үүнийг тогтоохын тулд цаашдын судалгаа шаардлагатай юм байна.

Өөрөөр хэлбэл, энэ нээлт нь хөхний хорт хавдрыг эмчлэх шинэ арга хэдийнэ бэлэн болсон гэсэн үг биш. Харин хавдрын үсэрхийлэл үүсэх механизмыг илүү сайн ойлгож, тодорхой бүлгийн өвчтөнд ямар эмчилгээ илүү үр дүнтэй байж болохыг тогтоох шинэ боломж нээж байгаа чухал судалгааны үр дүн ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI