Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррештэй утсаар ярилцсаны дараа "Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтад НҮБ хувь нэмрээ оруулна" гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгчийн албаны мэдээлснээр, Зеленский, Гутерреш нар наймдугаар сарын 21-нд Украины аюулгүй байдал, Оросын үргэлжилж буй довтолгоо, тэр дундаа боомтын дэд бүтэц болон хөлөг онгоцтой холбоотой асуудлуудын талаар хэлэлцсэн байна.
Гэвч Оросын РИА Новости агентлагийн мэдээлснээр, Зеленскийн мэдэгдлийн дараа X нийгмийн сүлжээний зарим хэрэглэгчид түүнийг шүүмжилж, дайныг зогсоохын тулд хэлэлцээ хийхийг уриалжээ.
Зарим хэрэглэгч Зеленскийн улс төрийн бодлогыг буруутгаж, Украинд сонгууль явуулах шаардлагатай гэж үзсэн бол зарим нь “энхийн хэлэлцээ хийх нь цорын ганц зам” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Мөн зарим сэтгэгдэлд ОХУ-ын Украинд хийж буй цохилтыг “хариу арга хэмжээ” гэж тайлбарлажээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өмнө нь Украины дайныг зогсоохын тулд яриа хэлэлцээ, зуучлал болон энхийн замаар маргааныг шийдвэрлэх шаардлагатайг удаа дараа онцолж ирсэн билээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI, UN, OFFICE OF THE PRESIDENT OF UKRAINE