Украины нийслэл Киев хотод наймдугаар сарын 22-ны шөнө ОХУ баллистик пуужингаар цохилт өгч, урьдчилсан мэдээллээр нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна.

Киев хотын цэргийн захиргааны мэдээлснээр, агаарын довтолгооны түгшүүр зарласны дараа нийслэлд хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт сонсогджээ. Украины Агаарын цэргийн хүчний мэдээллээр, Киев рүү чиглэсэн баллистик пуужингийн аюул бүртгэгдсэн байна.

Цохилтын улмаас Киевийн Дарницкийн дүүрэгт агуулахын барилга шатсан байна. Киевийн хотын цэргийн захиргаа урьдчилсан байдлаар, нэг хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсан талаар мэдээлж, аврах, онцгой байдлын албаныхан газар дээр ажиллаж, хохирлын хэмжээг тодруулж буй аж.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, гал түймэр гарсан хэсэгт аврагчид ажиллаж, нуранги болон эвдэрсэн байгууламжид үзлэг хийжээ.

Киев хотод агаарын довтолгооны дохио зарлаж, хотын захиргаа иргэдийг хамгийн ойрын хоргодох байранд нэн даруй орж, түгшүүрийн дохио цуцлагдах хүртэл тэнд байхыг уриалжээ.

Мөн шөнийн турш Киевт агаарын довтолгооны түгшүүрийг дахин зарласан талаар Украины хэвлэлүүд мэдээлсэн байна.

Киевээс гадна Украины Чернигов, Николаев зэрэг хотуудад мөн дэлбэрэлт болсон талаар мэдээлэл гарсан байна. Нөхцөл байдал болон хохирлын талаарх мэдээлэл шинэчлэгдсээр байгаа аж.

Кривий Рихийн худалдааны төвд хоёр удаа дроноор цохилт өгч, 15 хүн амиа алджээ

Украины Кривий Рих хотын хамгийн том худалдааны төвүүдийн нэгэнд баасан гарагт ОХУ-ын дроны халдлага хоёр удаа болж, 15 хүн амиа алдан, 130 хүн шархаджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон бүс нутгийн эрх баригчдын мэдээлснээр, халдлага наймдугаар сарын 21-ний баасан гарагт болж, хоёр цохилтын хооронд ердөө 30 минутын зай байсан аж. Шархадсан хүмүүсийн дунд 23 хүүхэд байжээ. Нийт 29 хүний биеийн байдал хүнд, тэдний тав нь хүүхэд юм байна.

Кривий Рих хотын дарга Александр Вилкул орон нутгийн цагаар 15:39 цагт худалдааны төвд цохилт болж, гал гарсан талаар анх мэдээлжээ. Тэрбээр тухайн үед “Гал гарч, олон хүн гэмтсэн байдал харагдаж байна. Осол, аврах ажиллагааг эхлүүллээ” хэмээн мэдээлсэн байна. Гэвч эхний цохилтоос хойш ойролцоогоор 30 минутын дараа худалдааны төвд дахин халдлага болжээ.

Украины Ерөнхийлөгч Зеленскийн мэдээлснээр, хоёр дахь цохилт аврах, онцгой байдлын албаныхан ажиллаж байх үед болсон байна.

Днепропетровск мужийн цэргийн захиргааны дарга Александр Ганжа мөн "Сүүлийн 24 цагийн хугацаанд мужийн дөрвөн дүүрэгт бараг 60 удаа халдлага болсон" гэж мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, халдлагад нисгэгчгүй онгоц, их буу болон агаарын бөмбөг ашигласан бөгөөд орон сууцны барилга, хувийн байшин болон автомашинууд өртсөн байна.

Эх сурвалж: DW