Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хүчирхэг эгч Ким Ё Жон пүрэв гарагт "АНУ саяхан “Ульчи Фридом Шилд” (UFS) хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах шийдвэр гаргасан нь Сөүлийг 'өөрсдийн маш их дуртай байсан дайны сургуулилалтаа цуцлах хүнд байдалд' оруулсан" гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгос болон АНУ зуны улиралд жил бүр зохион байгуулдаг хамтарсан цэргийн сургуулилалтаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу багасгасны дараа Ким Ё Жон дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Ким “Трамп сургуулилалтын цар хүрээг багасгах тухай гэнэтийн тушаал гаргаснаар Сөүл өөрсдийн маш их дуртай байсан ‘дайны сургуулилалтаа’ цуцлах хүнд байдалд орлоо” гэж хэлжээ.

Мөн тэрбээр "Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны 'хоёр нүүртэй мэдэгдэл' Өмнөд Солонгосын түгшүүр, тэвдэлтийг харуулж байна" гэжээ.

Ли Жэ Мён сургуулилалтыг багасгасныг зөвшөөрсөн атлаа Өмнөд Солонгос өөрийн цэргийн хүчийг бие даан нэмэгдүүлэх ёстой гэж хэлсэн. Үүнийг Ким Ё Жон зөрчилтэй байр суурь хэмээн шүүмжилсэн байна.

Ким Ё Жон мөн “Энэ нь Өмнөд Солонгост тохиолдож буй анхны ‘бэрхшээл’ бөгөөд АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтын түүхэнд урьд өмнө байгаагүй зүйл юм” гэжээ.

Тэрбээр өмнө нь ийм сургуулилалт эхэлсний дараа урьдчилан тохиролцолгүйгээр цар хүрээг нь багасгаж, үндсэн агуулгыг нь алдагдуулж байсан тохиолдол байгаагүй гэж хэлсэн байна.

Ким мөн сургуулилалтын цар хүрээг багасгасан нь “АНУ-ын эзнийхээ талаарх бат итгэлдээ сохорсон” Өмнөд Солонгосын эрх баригчдад зориулсан “илэрхий сүйрэл” гэж нэрлэжээ.

Тэр “АНУ-ын аюулгүй байдлын тусламж цаашид үнэгүй биш гэдгийг дэлхий нийт харж байна. Тэр хэрцгий эзнийхээ тааллыг олохын тулд Өмнөд Солонгосын бүх нутаг дэвсгэрийг өгсөн ч хангалтгүй” гэж хэлсэн байна.

Сургуулилалтыг яагаад багасгав?

Энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгос, АНУ UFS сургуулилалтыг наймдугаар сарын 27-нд дуусгахаар төлөвлөж байсныг өөрчилж, наймдугаар сарын 21-нд дуусгахаар тохиролцжээ. Ингэснээр анх төлөвлөсөн 11 хоногийн сургуулилалт нэг долоо хоногоор богиноссон байна.

UFS сургуулилалт анх наймдугаар сарын 17-ноос 27-нд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Энэхүү өөрчлөлтийг Трамп ням гарагт олон нийтийн сүлжээндээ сургуулилалт зардал ихтэй байгаа болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай сайн харилцаатайгаа үндэслэн цар хүрээг нь багасгахыг уриалсны дараа хийсэн байна.

Харин АНУ-ын Батлан хамгаалах яам "Сургуулилалтын цар хүрээг багасгасан нь хоёр холбоотны цэргийн чадавхыг сулруулж байгаа гэсэн үг биш" гэж мэдэгджээ.

Үүнээс гадна өчигдөр Хойд Солонгос АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Ким Жон Унтай харилцаагаа сэргээх гэсэн дохиог үл харгалзан Зүүн тэнгис рүү богино зайн олон баллистик пуужин харвасан байна.

Эх сурвалж: YONHAP