Чоу Хан-тунг 2021 оны зургадугаар сард Тяньаньмэнийг дурсах цуглаанд оролцохыг олон нийтэд уриалсан хэргээр баривчилж байжээ.

1989 оны Тяньаньмэний талбай дахь цуст хэлмэгдүүлэлтийг дурсах жил бүрийн цуглааныг зохион байгуулж байсан Хонконгийн хоёр идэвхтнийг үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу төрийн эрх мэдлийг булаах зорилгоор бусдыг турхирсан хэрэгт буруутай гэж шүүх тогтоожээ.

Өдгөө 69 настай Ли Чук-ян, 41 настай Чоу Хан-тун нар Хятадын төв засгийн газрын санаачилгаар хэрэгжиж буй уг хуулийн дагуу гэм буруутайд тооцогдож, 10 хүртэлх жилийн хорих ял авах боломжтой аж. Ялыг дараа нь товлох юм байна. 74 настай гурав дахь шүүгдэгч Альберт Хо нэгдүгээр сард гэм буруугаа хүлээсэн байна.

Хонконгод өмнө нь 1989 оны Тяньаньмэнийн талбай дахь ардчиллыг дэмжсэн жагсаалыг хүчээр тараасан үйл явдлыг дурсахын тулд олон нийт цугладаг байв. Гэвч эрх баригчид 2020 онд коронавирусийн халдварын шалтгаанаар эдгээр цуглааныг хориглосноос хойш дахин зохион байгуулагдаагүй аж.

Мөн 2020 оноос Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж, төрийн эсрэг гэж үзсэн олон төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох болсон байна.

Reuters Thousands of people take part in a candlelight vigil at Victoria Park in Hong Kong to mark the 30th anniversary of Beijing's Tiananmen Square crackdown in 1989
1989 оны Бээжингийн Тяньаньмэнийн талбай дахь хэлмэгдүүлэлтийн 30 жилийн ойг дурсахаар Хонконгийн Виктория цэцэрлэгт хүрээлэнд мянга мянган хүн лаа барин цуглажээ.

Ли, Чоу нар татан буугдсан Хонконгийн холбоо (HKA)-ны удирдагчид байжээ. Тус холбоо 1989 онд байгуулагдаж, ардчиллыг дэмжсэн оюутнуудын жагсаалыг дэмжиж байсан аж.

Amnesty International байгууллага энэ хэргийг “төрийн эрх мэдлийг булаах” гэх ойлголтыг хэт өргөн, тодорхой бус байдлаар тайлбарласан хэрэг гэж шүүмжилжээ. Тус байгууллага Ли, Чоу нарыг “үзэл бодлын хоригдлууд” хэмээн нэрлэж, нэн даруй, ямар ч болзолгүй суллахыг шаардсан байна.

Human Rights Watch мөн "Эдгээр шийдвэр нь 'олон нийтийн гашуудал илэрхийлэх үйлдэл хүртэл Хонконгод гэмт хэрэг болсон'-ыг харуулж байна" гэж мэдэгджээ.

Хонконгийн эрх баригчид үндэсний аюулгүй байдлын хууль нь нийгмийн тогтвортой байдлыг хадгалахад шаардлагатай гэж үзэж байгаа аж.

 

Эх сурвалж: BBC