Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улаанбаатар хотод шатахуун түгээлт тогтвортой байдал руу шилжлээ. Аж ахуй нэгжүүд өнөөдрөөс эхлээд орон нутгийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхааръя. Улаанбаатар хотынхоо шатахууны хангамжийг тогтмол бариад импорт зарим өдрүүдэд унаж байна, тэгэхдээ дунджаараа харьцангуй боломжийн харагдаж байгаа учраас орон нутгийг тогтворжуулах хэрэгтэй байна.
Нэн тэргүүнд Өмнөговь, Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймгууд руу том сүлжээтэй шатахуун түгээх станцтай аж ахуй нэгж онцгой анхаарч хуваарилалтаа зохицуул. Газрын тосны газрынхантай ярилцаад үе шаттайгаар татан авалтыг зохион байгуулах шаардлагатай.
Хоёрдугаар асуудал бол дизель түлшний татан авалтад анхаарах ёстой. Намрын ургац хураалт эхлэхэд газар тариалангийн бүс нутаг дахь агуулахыг дизель түлшээр бүрэн дүүргэсэн байх. Нефть импортлогч компаниуд ачаалалтай ажиллаж байгаа учраас түгээгч, агуулахад ажиллаж байгаа хүмүүсийнхээ ээлж ростерыг сайн зохицуулахгүй бол амралтгүй ажиллаж байгаагаас эрсдэл гарах вий. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангахад анхаарах. Дээр нь дарамт бас их байгаа.
Ард иргэддээ хандахад, шатахууны асуудлаас үүдэлтэйгээр улстөрч бидэн рүү уурлаж болно, уурыг авна. Гол асуудал бол газар дээр нь ачаа үүрч ажиллаж байгаа ШТС -ын эрхлэгч, түгээгчтэй муухай битгий харилцаарай. 24 цагаар хичээж ажиллаж байна.
Хүнд цаг үеийг хэрэлдэж муудаж биш ойлгож хүлээж авч эвлэж зохицон дагаж гарах ёстой. Тэр талаас нь анхаарч ажиллаарай. Ашигт малтмал газрын тосны газар дээр хийгдэж байгаа цахим системийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Түгээгчгүйгээр шууд QR кодоороо дугаараа цагаар захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжих бэлтгэл ажил хийгдэж байна.
Аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажилдаа орно биз. Дэмий очоод зогсоод байдаггүй хуваарь луу шилжмээр байна. Эмчид үзүүлэх цагаа иргэд цахимаар захиалаад авдаг болчихлоо, шатахуунаа ч мөн ухаалаг шийдлээр авдаг болох ёстой.
Америк, Иран, ОХУ, Украйны нөхцөл байдал сайжиртал шатахууны хомсдол хэзээ л бол хэзээ давтагдах магадлалтай. Энэ удаагийн хүндрэлийн хүнд үеийг даваад гарч байна, удахгүй тайван байдал руу шилжүүлэхийн төлөө штабынхан бүгдээрээ ажиллаж байна.
Олон нийтэд мэдээлэл өгөхөд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Гааль, Татвар, хууль хүчний байгууллага, замын цагдаа, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам тээврийн яам, нефть импортлогч аж ахуй нэгж бүгдээрээ оролцоод зохицуулалт хийж ажиллаж байна. Уур бухимдал байгааг ойлгож байна, уурлаж муудалцаад асуудлын ард гарахгүй, эвлэлдэж нэгдэж хүнд цаг үеийг давна шүү гэдгийг дахин сануулъя” гэлээ.