БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин энэ сарын 23-нд Монгол Улсад айлчилж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцон үг хэлэхээс гадна Монголын ойг нөхөн сэргээх төслүүдийн талбайтай танилцах ажээ.

Тэрбээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар наймдугаар сарын 23-наас 31-ний өдрүүдэд 8 шөнө, 9 өдрийн хугацаатай Монгол Улсад айлчлахаар болсон байна. Энэхүү айлчлал нь Мүн Жэ Ин 2022 онд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас хойш хийж буй хоёр дахь гадаад айлчлал болох аж. 

COP17-д хүндэт зочны хувиар үг хэлнэ

Мүн Жэ Ин наймдугаар сарын 24-ний өглөө UNCCD-ийн 17 дугаар бага хурлын арга хэмжээнд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа хүндэт зочноор үг хэлэх юм байна. Үүний дараа тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зохион байгуулах зоогт оролцох бөгөөд мөн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит хүлээн авалтад оролцох хөтөлбөртэй аж.

Энэ нь Мүн Жэ Иний хувьд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлж байсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ойжуулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын асуудлуудыг олон улсын тавцанд дахин хөндөх боломж болж буй юм байна.

“Энх тайван ойн санаачилга”-ын уулзалтад илтгэл тавина

Айлчлалын бас нэг чухал хэсэг нь наймдугаар сарын 26-нд болох “Peace Forest Initiative” буюу “Энх тайван ойн санаачилга” (PFI)-ын өндөр түвшний дугуй ширээний уулзалт аж. Мүн Жэ Ин тус уулзалтад үндсэн илтгэгчээр оролцож, илтгэл тавих юм байна.

PFI нь 2019 онд БНСУ-ын Засгийн газар UNCCD-тэй хамтран эхлүүлсэн олон улсын хамтын ажиллагааны платформ юм. Энэхүү санаачилга нь ой модыг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэхийн зэрэгцээ улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой аж.

Өөрөөр хэлбэл, Мүн Жэ Иний Монголд хийх айлчлал нь улс төрийн уулзалтаас илүүтэйгээр байгаль орчин, ойжуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг гол сэдэв болгосноороо онцлог байна.

Тужийн нарсан ойд очиж, дурсгалын мод тарина

Мүн Жэ Ин айлчлалынхаа үеэр Монголын хойд хэсэгт орших Тужийн нарсан ойн бүсэд очихоор төлөвлөжээ. Тус бүс нутаг нь Монгол, БНСУ-ын иргэний нийгмийн байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд олон жилийн турш ой нөхөн сэргээх ажил хэрэгжүүлж ирсэн газар юм.

Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, 2003 оноос эхлэн БНСУ-ын “Ойн энх тайван” байгууллага болон Yuhan-Kimberly зэрэг байгууллага, компаниуд Монголын хойд хэсэгт ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд оролцож иржээ. Зарим эх сурвалжид энэ хамтын ажиллагааны хүрээнд 10 сая орчим мод тарьж, арчилсан гэж мэдээлсэн байна.

Мүн Жэ Ин Тужийн нарсан ойд очиж, Монгол-Солонгосын ойн хамтын ажиллагааны үр дүнтэй танилцаад дурсгалын мод тарих аж.

“Монгол–Солонгосын Ногоон хэрэм”-ийн 20 жилийн ой

Энэ айлчлалын бас нэг бэлгэдлийн ач холбогдол нь Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн эхлэл тавигдсаны 20 жилийн ойтой давхцаж байгаа явдал юм.

Уг төсөл 2006 оны Монгол, БНСУ-ын дээд түвшний уулзалтын дараа эхэлсэн бөгөөд Монголын цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулалт хийхэд чиглэсэн хоёр улсын хамтын ажиллагааны томоохон жишээ болсон.

Солонгосын хэвлэлүүд Мүн Жэ Иний Тужийн нарсан ойд хийх айлчлалыг энэ 20 жилийн түүхтэй холбон онцолж байна.

Тиймээс Мүн Жэ Иний айлчлал нь Монгол–Солонгосын ойн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх бэлгэдэл болох нь.

Мүн Жэ Ин бусад орны төрийн тэргүүнүүдтэй уулзана

Тэрбээр Монголд байх хугацаандаа Монголын талтай уулзахаас гадна олон улсын нэр хүндтэй улс төрийн зүтгэлтнүүдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Финландын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Тарья Халонен, мөн Коста Рикагийн Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада нартай уулзахаар болсон байна.

Эдгээр уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, ойжуулалт болон олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: YONHAP