Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш 75,000 ам.долларын түвшинг давж, тавдугаар сарын сүүлээс хойших хамгийн өндөр хэмжээнд хүрчээ.
Биткойны ханш арилжааны үеэр 75,045 ам.доллар хүртэл өссөн талаар Binance-ийн мэдээлэлд дурджээ. Үүний дараа өсөлт бага зэрэг саарч, криптовалютын ханш 74,680 ам.доллар орчимд хэлбэлзсэн байна.
Ийнхүү Bitcoin-ийн үнэ тавдугаар сарын 27-ноос хойш анх удаа 75,000 ам.долларын босгыг давсан нь криптовалютын зах зээлд хөрөнгө оруулагчдын сонирхол дахин нэмэгдэж буйг харуулж байна.
Өсөлтийн цаана юу байна вэ?
Сүүлийн өдрүүдийн биткойны өсөлтөд АНУ-ын санхүүгийн зах зээл дэх эерэг өөрчлөлтүүд болон криптовалютын зохицуулалттай холбоотой хүлээлт нөлөөлж буй аж.
Reuters-ийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн сан урт хугацааны Засгийн газрын бондыг буцаан худалдан авах ажиллагаагаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь санхүүгийн зах зээлд эерэгээр нөлөөлжээ.
Үүний зэрэгцээ АНУ-д криптовалютын зах зээлийн зохицуулалтыг тодорхой болгох зорилготой CLARITY Act-ийн талаарх хүлээлт мөн хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.
Криптовалютын ханш өсөх үед Bitcoin-ийн үнэ буурна гэж бооцоо тавьсан арилжаачдын short позициуд олноороо хаагдсан нь өсөлтийг улам эрчимжүүлжээ. Зарим тооцоогоор, сүүлийн өсөлтийн үеэр $3 тэрбум гаруй short позици татан буугдсан байна.
Үүнээс гадна биткойнд суурилсан биржийн арилжааны сангууд буюу биткойн ETF-үүдэд хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэн нь институцийн хөрөнгө оруулагчдын эрэлт сэргэж байгааг илтгэх үзүүлэлт болж байна.
75,000 ам.доллар дараагийн өсөлтийн эхлэл үү?
Зах зээлийн шинжээчдийн хувьд 70,000-75,000 ам.долларын бүс биткойны ойрын хугацааны чиг хандлагыг тодорхойлох чухал түвшин болж байна.
Хэрэв биткойн 75,000 ам.доллар орчимд тогтвортой байр сууриа хадгалж, энэ түвшинг дэмжлэг болгож чадвал цаашид илүү өндөр үнэд хүрэх боломжтой. Харин ханш энэ түвшинг тогтвортой хамгаалж чадахгүй, буцаад 70,000 ам.доллароос доош орвол сүүлийн өсөлт түр зуурын сэргэлт байсан эсэх асуудал үүснэ.
Криптовалютын зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байгаа тул богино хугацааны огцом өсөлтийг урт хугацааны өсөлтийн баталгаа гэж үзэхэд эрт байна.
Эх сурвалж: TASS, BINANCE, REUTERS, INVESTORS