Шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хуралдаан болов. Өнгөрсөн хоёр өдрийн байдлаар Монгол Улсын хилээр нийт 9482,5 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирснээс 3059 тонн нь АИ92 автобензин байгаа аж.
Улаанбаатар хотын өртөөдөд шатахууны цувааг хүлээн авч, шилжүүлэх ажлууд тасралтгүй хийгдсээр буй юм байна. Замд нийт 52 вагон шатахуун ирж буй бөгөөд өчигдөр оройн 23:00, шөнийн 03:00 цагуудад Улаанбаатар хотод ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Шатахууны хангалт нэмэгдэж, хоногт зөвхөн Улаанбаатар хотод 1500-1700 тонн АИ92 автобензин нийлүүлж буй юм байна. Цаашид аймгийн төвүүд болон сумдад шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллах үүрэг даалгаврууд өгчээ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ШТС-ыг ямар нэгэн хязгаарлалтгүй, 24 цагийн турш тасралтгүй ажиллуулах үүрэг, чиглэлийг шуурхай штабаас аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.

Түүнчлэн нэр бүхий ШТС-ууд зөвхөн талоноор, харилцагч байгууллагууддаа олгож байна гэх иргэдийн гомдол цөөнгүй ирж байгаа аж. Энэ дагуу нэр бүхий шатахуун импортлогч компанид иргэн, байгууллага гэж ялгаварлахгүй байх, зөвхөн талоноор олгоно гэсэн хатуу зохицуулалт байж болохгүйг сануулж, зөрчлөө арилгахыг анхааруулжээ.