OpenAI компани 13-17 насны өсвөр үеийнхэнд зориулсан ChatGPT-ийн тусгай хувилбарыг танилцуулав. Энэхүү хувилбар нь өсвөр насныханд хиймэл оюун ухааныг аюулгүй, зөв зохистой ашиглахын зэрэгцээ бие даан сэтгэн бодож, суралцахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ. Мөн илүү хүчирхэг хамгаалалтын систем болон эцэг эхийн хяналтын боломжуудыг багтаасан байна.
18-аас доош насны буюу 13-17 насных гэж тодорхойлогдсон хэрэглэгчид автоматаар өсвөр насныхны хамгаалалттай горимд шилжих аж.
Боловсролд түлхүү чиглэсэн энэхүү хувилбар нь зөвхөн бэлэн хариулт өгөхөөс илүүтэйгээр сурагчдыг чиглүүлэх асуулт тавих, асуудлыг алхам алхмаар ойлгоход нь туслах боломж бүхий “Study Mode” буюу Сурах горимыг агуулжээ.
Мөн шинэ ухаалаг гэрийн даалгаврын систем нь сурагчид даалгавраа шууд хийлгэх буюу хамгийн хялбар аргаар гүйцэтгэхийг оролдож буйг илрүүлсэн тохиолдолд тэднийг Сурах горимд шилжихийг санал болгох аж. Ингэснээр хиймэл оюун ухаанаар даалгавраа хийлгэхээс илүүтэйгээр тухайн хичээл, ойлголтыг өөрсдөө ойлгож сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.
Өсвөр насныхан мөн төрөл бүрийн сорил, интерактив үзүүлэн болон тайлбарлах материалуудыг ашиглан төвөгтэй ойлголт, ухагдахуунуудыг давтан судалж, мэдлэгээ бататгах боломжтой ажээ.
Түүнчлэн шинээр нэвтрүүлж буй “Study Hours” буюу Сурах цагийн функц нь өсвөр насныхан болон тэдний эцэг эхэд Сурах горимыг тодорхой цагт автоматаар идэвхжүүлэх хуваарь тохируулах боломж олгох юм байна. Энэ нь хүүхдэд тогтмол суралцах дадал хэвшүүлэхэд туслах зорилготой аж.
OpenAI мөн CodeAI-тэй хамтран сурагчид болон багш нарт хиймэл оюун ухаан хэрхэн ажилладаг талаар илүү сайн ойлгох, AI-ийн гаргасан мэдээллийг нягтлан шалгах, түүний боломжийг бүтээлчээр ашиглахад чиглэсэн төрөл бүрийн хэрэгсэл, сургалтын нөөцөөр хангахаар ажиллаж буй юм байна.
Үүний зэрэгцээ “ChatGPT for Teens” нь өсвөр насныхны эрүүл, зөв хэрэглээг дэмжиж, бодит амьдрал дахь харилцааг орлох бус харин дэмжих зарчимд тулгуурлан бүтээгдсэн гэж OpenAI онцолжээ.
Тухайлбал, хэрэглэгчдэд үе үе завсарлага авахыг сануулах, хиймэл оюун ухаантай харилцаж байгааг тодорхой ойлгуулах, хувийн болон эмзэг шинжтэй зураг, мэдээллээ хуваалцахгүй байхыг сануулах зэрэг хамгаалалтын арга хэмжээг тусгасан байна.
Мөн OpenAI 18-аас доош насны хэрэглэгчдэд зориулсан загварын аюулгүй байдлын удирдамжаа шинэчилжээ. Уг удирдамжид романтик болон бэлгийн харилцааг дүрслэн харуулах дүрд тоглох үйлдлийг хориглохоос гадна ChatGPT-ийг хэрэглэгчтэй хэт романтик өнгө аясаар харилцах, түүнд сэтгэл хөдлөлийн хэт хамаарал бий болгохыг өөгшүүлэхгүй байх шаардлагыг тусгасан байна.
OpenAI өсвөр үеийнхэнд зориулсан ChatGPT-ийг хариулт өгдөг энгийн чатбот бус, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан суралцах болон сэтгэн бодох хэрэгсэл болгон хөгжүүлэхийг ийн зорьж байгаа ажээ.
Эх сурвалж: OPENAI