Украинд Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ойрын харилцаатай бизнес эрхлэгч Тимур Миндич болон түүний хүрээллийнхний гэх “шинэ бичлэгүүд”-тэй холбоотой авлигын дуулиан дахин дэгджээ.

Эдгээр нь Украины Үндэсний авлигатай тэмцэх товчоо (УҮАТТ)-ны мөрдөгчид Зеленскийн найз, бизнесийн хамтрагч Тимур Миндич болон түүний ойрын хүрээллийн хүмүүсийг мөрдөн шалгах явцдаа хийсэн гэх ярианы бичлэгүүдийн текстэн хуулбарууд аж.

Өнгөрсөн оны намар хэдэн сарын турш үргэлжилсэн мөрдлөгийн үр дүнд УҮАТТ томоохон хэрэг илрүүлж, “Квартал 95” студийн хамтран эзэмшигч Миндичийг эрчим хүчний салбар дахь авлигын схем, мөнгө угаах ажиллагаа явуулсан гэмт хэргийн бүлэглэлийг удирдсан гэж буруутгажээ.

Миндич Израиль руу зугтаж чадсан байна. Мөрдөн шалгах байгууллага түүний бүлэглэлд багтсан байж болзошгүй өөр долоон хүнийг нэрлэсэн байна. Тэднээс хамгийн сүүлд баривчлагдсан хүн Украины Эрчим хүчний болон Хууль зүйн сайд асан Герман Галущенко аж. Тэрбээр одоог хүртэл цагдан хоригдож буй бөгөөд түүнийг 200 сая гривенийн өндөр барьцаагаар суллахаар тогтсон ч төлж чадаагүй аж.

Түүнээс хойш УҮАТТ болон Авлигатай тэмцэх төрөлжсөн прокурорын газар (АТТПГ) “Миндичгейт”-ийн мөрдөн шалгах ажиллагааны талаар олон нийтэд төдийлөн мэдээлээгүй. Харин мөрдөгчид сэжигтнүүдийн эсрэг нотлох баримт цуглуулж, нэгжлэгийн үеэр хураасан баримт бичиг болон чагнасан бичлэгүүдийг судалж, шинээр сэжигтнүүдийг ч эрэн хайж байгаа аж.

Шинэ мэдээлэл алдагдах болсон шалтгаан юу вэ? Мөн энэ нь Украины улс төрд ямар үр дагавар авчрах бол?

Аудио бичлэг бус, ярианы текстэн хуулбарууд

Олон нийтэд цацагдсан материалыг яг үнэндээ “бичлэгүүд” гэж нэрлэхэд учир дутагдалтай аж. Учир нь, одоогийн байдлаар чагнасан ярианы эх аудио бичлэгүүд бус, тэдгээрийн текстэн хуулбарууд нийтэд ил болсон байна.

Дөрөвдүгээр сарын сүүлээр “Украинская правда” сонины эрэнн сурвалжлах багийн ахлагч Михаил Ткач, мөн “Голос” намын депутат Ярослав Железняк, “Европын эв санааны нэгдэл” намын депутат Алексей Гончаренко нар эдгээр материалыг YouTube сувгуудаар дамжуулан олон нийтэд ил болгожээ.

“Миндичгейт”-ийн хүрээнд УҮАТТ-ны хийсэн жинхэнэ аудио бичлэгүүдээс одоогийн байдлаар 30 орчим богино хэсэг л нийтэд ил болсон байна. УҮАТТ сэжигтнүүдийн гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй тул нэрийг нь нууцлах зорилгоор зарим хүмүүсийг нууц нэрээр тэмдэглэжээ.

Тус байгууллагын мэдээлснээр, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 1000 гаруй цагийн аудио материал цуглуулсан байна. Яриануудад сэжигтнүүд авлига, хээл хахуулийн талаар шууд нэрлэн ярьдаггүй. Зарим ярианы агуулга, нөхцөл байдал нь мэдэгдэхгүй, хүн ойлгоход бэрх, бүр зарим үгийг нь ялгаж сонсох боломжгүй байсан аж.

Гэсэн ч “Че Геварад гоё дэвсгэртүүд өгөх хайран байна”, “хоёр сая Москва руу явсан”, “сэжиг авахуулахыг хүсэхгүй байна” гэх мэт ишлэлүүд цахим орчинд хурдан тарж, мем болжээ.

Ялангуяа сая сая ам.долларыг уутанд хийж зөөвөрлөх тухай, мөн эрчим хүчний байгууламжуудын хамгаалалтын байгууламж барих ажлыг ямар нэгэн албан ёсны эрх мэдэлгүй хүмүүс хэлэлцэн зогсоох тухай яриаг энгийн мэт өнгөөр хэлэлцэж байгаа нь олны анхаарлыг татсан байна.

Сайдын тухай яриа

2025 оны арванхоёрдугаар сарын 1-нд Украины Авлигын эсрэг дээд шүүх Тимур Миндичийг эзгүйд нь хоёр сарын хугацаатай баривчлах шийдвэр гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр УҮАТТ болон АТТПГ түүнд гэмт хэргийн бүлэглэл удирдсан, мөнгө угаасан гэхээс гадна Украины Батлан хамгаалахын сайд асан Рустем Умеровт хууль бусаар нөлөөлсөн гэх хэрэг нэмж тулгасныг тогтоосон байна. Энэ нөлөөлөлтэй холбоотой нотлох баримтыг шүүх цэргийн нууцтай холбоотой гэх үндэслэлээр хаалттай хэлэлцсэн байна.

Сэжигтэнд тавьсан ял, сэжгийн баримтаас үзвэл Миндич тухайн үед хувийн хамгаалалтын хантааз нийлүүлэгч компанийн ашиг сонирхлыг Батлан хамгаалахын сайд Умеровт лоббидож байсан гэж мөрдөн шалгах байгууллага үзжээ.

2025 оны долдугаар сарын 8-нд Миндич гэртээ Умеровыг хүлээн авч уулзахдаа гэрээний шаардлагад нийцэхгүй байсан хамгаалалтын хантаазуудыг хүлээн авахыг ятгасан гэх мэдээлэл бий аж. Гэвч Умеров зөвшөөрөөгүй бөгөөд улмаар гэрээг цуцалсан байна.

Шинээр тарсан ярианы текстэн хуулбарт тухайн өдөр Умеров Украины Зэвсэгт хүчний ар талын хангалтын асуудал эрхэлсэн байгууллагын дарга Арсен Жумадиловтой хантаазны талаар холбогдож байсан гэх мэдээлэл гарчээ. Мөн Умеров, Миндич нар өөр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн бололтой.

Тэдний ярианы нэг хэсэг нь Украины Батлан хамгаалах хүчинд алсын тусгалын нисгэгчгүй онгоц нийлүүлдэг томоохон компани болох Fire Point-ийн талаар байжээ.

Миндич уг компанийн бизнесийг өөрийнх мэт ярьж, өмнөх орлогоо баллистик пуужингийн үйлдвэрлэлд оруулсан тул мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон гэж Умеровоос тусламж хүссэн байна.

Тэд төрийн банкнаас шинэ гэрээний барьцаанд зээл авах, эсвэл гэрээний үнийн дүнгийн 70 хувийг урьдчилгаа болгон авах зэрэг хувилбарыг хэлэлцсэн гэх мэдээлэл бий аж. Умеровын хэлсэн гэх ярианд “5-6 тэрбумын пуужин гэдэг арай их байна, ах аа” хэмээсэн хэсэг ч буй юм байна.

Мөн тэрбээр компанийг АНУ-ын зах зээлд гаргах, цаашлаад хувьцааг нь биржээр арилжаалах боломжийн талаар зөвлөгөө өгсөн гэх мэдээлэл гарчээ.

Миндич харин Арабын Нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулагчдад найдаж байгаагаа хэлсэн байна. Тэд Fire Point компанийн гуравны нэгийг 600 сая ам.доллараар худалдаж авах сонирхолтой, мөнгөний тал хувийг бизнесээ өргөжүүлэхэд, үлдсэнийг нь одоогийн эзэмшигчдэд өгөхөөр төлөвлөж буй гэх яриа гарчээ.

Үүнтэй төстэй хэлэлцээрийг 2025 онд Арабын Нэгдсэн Эмират улсын батлан хамгаалахын EDGE Group Украин дахь томоохон үйлдвэрлэгчтэй хийхээр оролдож байсан ч Украины Монополийн эсрэг хороо нэгдүгээр сард хүсэлтийг нь зөвшөөрөөгүй талаар Forbes Ukraine мэдээлж байжээ.

Зеленскийтэй холбоотой эсэх асуудал ч яригдаж байна

Шинээр ил болсон өөр нэг текстэн хуулбарт Миндич Натали гэх эмэгтэйтэй Козин дахь харшийн барилгын талаар ярилцсан гэх мэдээлэл бий аж. Тодруулбал, Украины Ерөнхий сайдын орлогч Алексей Чернышовт авлигын хэрэгт сэжиг тулгасантай холбоотойгоор Миндич өөртэйгөө хамт хэрэгжүүлж байсан үл хөдлөх хөрөнгийн төслийг олны анхаарлаас хол байлгахын тулд барилгын ажлыг түр зогсоох тухай ярилцсан бололтой.

Энэ ярианы аудио бичлэгийн хэсгийг УҮАТТ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийтэлж байсан ч бүрэн эхээрээ байгаагүй байж болзошгүй аж. Текстэн хуулбарт Миндич, Натали нар коттежийн хотхонд байдаг Андрей, Вова гэх хүмүүсийн нэр дээрх хоёр байшинг дурдсан байна.

“Энд Андрей, Вова гэж хэнийг хэлж байна вэ? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Андрей Ермак, Ерөнхийлөгч Владимир Зеленский нарыг хэлж байгаа юм биш биз?” гэсэн асуултыг “Украинская правда”-гийн сэтгүүлч Михаил Ткач тавьжээ. Гэхдээ энэ нь түүний дэвшүүлсэн таамаг бөгөөд уг ярианд үнэхээр Ермак, Зеленский нарыг хэлснийг одоогийн байдлаар албан ёсоор батлаагүй байгаа аж.

Холбогдох хүмүүс бичлэгүүдийн үнэн зөвийг хүлээн зөвшөөрсөнгүй

Одоогийн байдлаар дээрх ярианы текстэн хуулбарт нэр нь дурдагдсан хүмүүсийн хэн нь ч тэдгээрийн үнэн зөвийг батлаагүй байна. Тимур Миндичийн өмгөөлөгч Андрей Костенок хэргийн өмгөөлөгч талд шилжүүлсэн материалд эдгээр аудио бичлэг, текстэн хуулбарууд байхгүй байгаа нь тэдгээрийн гарал үүсэл, хууль ёсны дагуу олж авсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж мэдэгджээ.

Мөн Миндич Ярослав Железнякийг нэр төрд халдсан гэж үзэн, шүүхэд өгөхөөр төлөвлөсөн байна. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров ч нийтэд цацагдсан яриануудын талаар шууд тайлбар хийхээс зайлсхийжээ.

Түүний хэвлэлийн алба уг ярианы жинхэнэ эсэх, хэрэгт хамааралтай эсэхийг эхлээд хууль сахиулах байгууллагууд тогтоох ёстой гэж мэдэгджээ. Харин Украины батлан хамгаалах салбарт гадаадын хөрөнгө оруулагч татах тухай яриаг хэвийн, улс хоорондын хамтын ажиллагааны нэг хэсэг гэж тайлбарласан байна.

Fire Point компани Миндич, Умеров нарын яриа гэх мэдээлэл тархсаныг “компанийн нэр хүндэд маш сөргөөр нөлөөлж буй ээлжит олон нийтийн гутаан доромжлол” гэж мэдэгдэж, бичлэгүүдийн гарал үүсэл, эсвэл хуурамч эсэхийг шалгахыг УҮАТТ-өөс шаарджээ. Тус компани Тимур Миндичтэй ямар нэгэн холбоотой гэдгээ мөн үгүйсгэсээр байгаа аж.

“Шинэ бичлэгүүд” хэр найдвартай вэ?

Одоогийн байдлаар депутатууд болон “Украинская правда”-д нийтлэгдсэн яриануудын үнэн зөвийг албан ёсоор баталгаажуулсан баримт гараагүй байна. Тухайлбал, чагнах ажиллагааны явцад үйлдсэн албан ёсны процессын баримт бичиг болох аудио бичлэгийн протоколын эх хувилбараас иш татаж буйг нотлох ямар нэгэн материал нийтэд ил болоогүй байна. Үүний оронд уг мэдээллийг нийтэлсэн хүмүүс нэрээ нууцалсан эх сурвалжуудаас материал хүлээн авснаа мэдэгджээ.

Депутат Ярослав Железняк 1400 хуудас бүхий файл хүлээн авсан гэж мэдэгдсэн боловч уг файлыг хэн өгсөн нь тодорхойгүй байгаа аж. Тэрбээр өөрийгөө “Миндичгейтийн” хүрээнд шалгагдаж буй хэд хэдэн хэрэгт мэдээлэгч гэж тодорхойлдог бөгөөд файлын хэлбэр нь УҮАТТ, АТТПГ-аас гаралтай мэт харагдахгүй байсныг онцолсон байна.

Уг материалыг тодорхой байдлаар шалгасны дараа мета мэдээлэлд Петр Бойко гэх нэр илэрсэн гэж Железняк мэдэгджээ. Түүний хэлснээр, ийм нэртэй өмгөөлөгч “Миндичгейт”-ийн сэжигтнүүдийн нэг болох Игорь Фурсенког өмгөөлдөг байна. Харин Петр Бойко энэ мэдээллийг үгүйсгэж, Железнякийг худалч гэж Facebook хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Сэтгүүлч Михаил Ткач харин уг материалыг “улс төрийн хүрээний эх сурвалжуудаас” авсан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мэдээллийг шалгасан эсэх талаар асуухад “баталгаажуулалт хийсэн” гэж товч хариулжээ.

Андрей Богдан ч мэдээлэл алдагдсан асуудалд нэр холбогдов

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны дарга, олигарх Игорь Коломойскийн олон жилийн өмгөөлөгч байсан Андрей Богдан мөн эдгээр материал алдагдсан хэрэгт өөрийн оролцоотой байж болохыг шууд бусаар илэрхийлсэн байна. Богдан Миндичтэй олон жилийн турш найзын харилцаатай байжээ.

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл тавдугаар сарын 3-нд Богданд 10 жилийн хугацаатай хориг арга хэмжээ гэнэт авсан аж. Үүнийг Украины үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр тайлбарласан байна.

Богдан өөрийгөө эрх баригчдаас дээрх дуулиант ярианы текстэн хуулбаруудыг сэтгүүлчдэд тараасантай холбоотойгоор хавчигдсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Парламент ч мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэв

Сүүлийн хэдэн долоо хоногт нийтэд тарсан ярианы үнэн зөвийг тогтоож чадах гол байгууллагууд нь УҮАТТ болон АТТПГ боловч эдгээр байгууллагын удирдлагууд хоёр долоо хоногийн турш тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Мөн авлигатай тэмцэх байгууллагуудын удирдлагууд Украины парламентын Түр мөрдөн шалгах комиссын хуралдаанд оролцоогүй аж. Тэд хэлэлцэх асуудлуудад хариу өгөхөд нэмэлт хугацаа шаардлагатай гэсэн шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.  Үүний зэрэгцээ Рустем Умеров болон Украины Үндэсний банкны тэргүүн Алексей Пышный нар албан томилолтын улмаас хуралдаанд оролцоогүй байна.

Тавдугаар сарын 5-нд болсон хуралдаанаар Ярослав Железняк голчлон “Сенс Банк”-ны удирдлагуудтай уулзаж, тус банкны үйл ажиллагаанд бизнес эрхлэгч Василий Веселый ихээхэн нөлөөтэй гэх мэдээллийн талаар асуужээ.

Банкны удирдлагууд түүний нөлөө их байсан гэдгийг үгүйсгэсэн байна. Гэвч нийтэд гарсан мэдээллийн дараа Украины Үндэсний банк тус банканд төлөвлөгөөт бус шалгалт хийхээ мэдэгдэж, “Сенс Банк”-ны ТУЗ-ийн дарга Николай Гладыщенко үүрэгт ажлаа түр хүлээлгэн өгсөн байна. Мөн “Сенс Банк”-ны хувь заяа Ерөнхийлөгч Владимир Зеленский, Ерөнхий сайд Юлия Свириденко нарын уулзалтын үеэр яригджээ.

Зеленский тус банкыг хувьчлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, энэ онд хувьчлалыг дуусгах ёстой гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр “Миндичийн бичлэгүүд”-тэй холбоотой дуулианы талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Хэрэг цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

Украины парламентын Түр мөрдөн шалгах комиссын гишүүн Алексей Гончаренко болсон үйл явдалд Ерөнхийлөгчийн улс төрийн хариуцлагын асуудал яригдах ёстой гэж үзжээ. Харин Авлигатай тэмцэх төрөлжсөн прокурорын газрын прокурор асан Станислав Броневецкий “Миндичгейт”-ийн мөрдөн шалгах ажиллагааг УҮАТТ болон АТТПГ-ийн удирдлагууд санаатайгаар удаашруулж байна гэж мэдэгдсэн аж.

Броневецкий 2024 оны намар АТТПГ-ын ажлаасаа гарсан бөгөөд түүнээс хойш авлигатай тэмцэх байгууллагуудын удирдлагыг хурцаар шүүмжилсээр иржээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 24-нд Миндич, Умеров нарын ярианы хэд хэдэн хэсгийг нийтэлсэн бөгөөд эдгээрийг “Миндичгейт”-ийг шууд мөрдөн шалгаж байсан хуучин хамтран ажиллагсдаасаа авсан гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, мөрдөн шалгах багийн зарим гишүүн УҮАТТ болон АТТПГ-ын удирдлага хэргийг зориудаар удаашруулж байна гэж үздэг аж. УҮАТТ болон АТТПГ-ийн удирдлагуудыг парламентын мөрдөн шалгах комиссын тавдугаар сарын 13, 14-ний хуралдаанд оролцож, тайлбар өгөхөөр товлосон байна.

Эх сурвалж: DW