Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) гурав дахь өдрөө үргэлжилж байна.

СОР-17 хуралдааны Ногоон бүсийн Тэрбум мод үндэсний хөдөлгөөн павильонд өнөөдөр (2026.08.19) Тэрбум мод сангаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, эерэг нөлөөлөл сэдвээр салбар хуралдаан боллоо.

Тэрбум мод сан 2022 онд байгуулагдсан хувийн хэвшлийн сан. Өнөөдрийн байдлаар:

  • -Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайн ногоон байгууламж
  • -Олон нийтийн оролцоотой ойжуулалт
  • -Экологийн боловсрол олгох
  • -Доройтсон ойг нөхөн сэргээх уулын ойжуулалт
  • -Банкны төгөл болон цэцэрлэгт хүрээлэн гэсэн үндсэн таван чиглэлээр 118 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн, нийтдээ 3366 га талбайг ойжуулан, 8,9 сая мод тарьж ургуулж буй ажээ.

Мод тарих хамгийн их хэрэгтэй цөлжилтөд нэрвэгдсэн газруудад тухайн орон нутгийн иргэдийн сайн санаачилгыг дэмжиж, агро ойжуулалтын ажлыг хийснээр амьдралын чанарт нь бодитой эерэг өөрчлөлтүүд гарчээ. Үүний хамгийн тод жишээ бол Дундговь аймгийн Адаацаг, Хулд суманд салхинаас хамгаалах ойн зурвас байгуулж өгсөн явдал аж.

Адаацаг суманд Шинэ-Ус гэдэг газар Эрдэнэ-Ухаа жуулчны баазыг түшиглэн 10 га газарт 13 төрлийн 7000 орчим мод тарьснаар энд биологийн олон янз байдал сэргэж, өмнө нь огт ургадаггүй байсан ургамлын төрөл зүйлүүд шинээр ургаж, нүүдлийн шувуудын ирж, буцахдаа саатаад хөдөлдөг Баян бүрд болтлоо өнгөө шинэчилсэн байна. Дэрс нь хүнээс өндөр ургаж, говийн амьтдын саатах, хоргодох хамгийн нөмөртэй газар болон байгалийн унаган төрхөө сэргээжээ.

Дундговь аймгийн Хулд суманд сумын төв рүү чиглэсэн салхины яг амсар дээр 2 га газарт нийтдээ 10-аад төрлийн 120 мянган мод тарьсан нь нүдээ олсон хөрөнгө оруулалт болсон байна. Энэ төслийн үр дүнд Хулд сумаар дайран өнгөрөх салхины хурд саарч, элсний нүүдэл багасаж, сумын иргэд нь малын тэжээл мөн хүнсний ногоо тарих арга ухаанд суралцаж,сумандаа сайхан амьдрах гэрэл гэгээ, итгэлтэй болжээ.

Хүнд даацын автомашины хөлөөр дагтаршсан говийн элсэнд шинжлэх ухааны үндэслэлтэй, байнгын арчилгаа хамгаалалттай мод таривал ургадаг гэдгийг төслийн багийнхан нотолж, Хулдыг ногоон сум болгох аянд төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж буй юм байна.