Запорожье мужийн Цэргийн захиргааны дарга Иван Федоров "Украины Запорожье хотод наймдугаар сарын 19-нд шилжих шөнө ОХУ-ын нисгэгчгүй онгоцны цохилт үргэлжилж, нэг хүн амиа алдан, зургаан хүн шархадсан" гэж мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, халдлагын үеэр хотын орон сууцны болон бусад зориулалтын барилга байгууламжууд эвдэрч, цохилтын газруудад гал гарсан байна. Мөн нурсан барилгын нуранги дор хүмүүс байгаа эсэхийг шалгах, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Шөнийн цагаар Запорожье хотод нисэх онгоцноос хаядаг удирдлагатай бөмбөгийн аюулын дохио мөн зарлагдсан байна. Зарим мэдээллээр, дроны халдлагын дараа өглөөний цагаар тус хотод дээрх бөмбөгийг ашигласан цохилт бүртгэгдсэн байна.
Халдлагын улмаас хохирол нэмэгдсэн талаар мэдээлэв
Украины эх сурвалжуудын мэдээллээр, Запорожье болон түүний орчимд наймдугаар сарын 18-ны турш олон удаагийн халдлага бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрийн дайралтуудын улмаас хоёр хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна. Мөн Запорожье мужийн хэмжээнд олон тооны агаарын цохилт, их буу болон нисгэгчгүй онгоцны халдлага бүртгэгдсэн талаар мужийн захиргаа мэдээлжээ.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өглөөний байдлаарх шинэчилсэн мэдээллээр, Запорожье хотод учирсан хохирлын хэмжээ нэмэгдэж, орон сууц болон хувийн байшингууд эвдэрсэн, олон арван хүн шархадсан талаар Украины зарим хэвлэл мэдээлсэн байна. Энэ тоо нь шөнийн анхны мэдээллээс хойш шинэчлэгдсэн тул эцсийн хохирлын тоо цаашид өөрчлөгдөж болзошгүй аж.
Запорожье хот болон мужийн нутаг дэвсгэрт ОХУ-ын агаарын цохилтын давтамж өндөр хэвээр байгаа бөгөөд аврах албаныхан халдлагын дараах хохирлыг тогтоох, нуранги дор хүн байгаа эсэхийг шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна.
Эх сурвалж: DW