АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ намар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзаж, Пёньяны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээг сэргээхээр төлөвлөж буй талаар “The Wall Street Journal” сонин наймдугаар сарын 18-нд АНУ-ын албаны хүмүүсийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус сонинд мэдээлснээр, уулзалт арваннэгдүгээр сард БНХАУ-ын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC)-ны дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдах боломжтой аж.
WSJ-ийн эх сурвалжууд "Одоогийн байдлаар хоёр талын уулзалтыг зохион байгуулах албан ёсны бэлтгэл ажил эхлээгүй байна" гэж мэдээлжээ.
Трамп өмнө нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах талаар мэдэгдэж, мөн Ким Жон Унд энхийн гэрээ байгуулахыг санал болгож байсан билээ.
Цөмийн зэвсгээс татгалзуулах хэлэлцээ мухардалд орсон
Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Ким Жон Унтай гурван удаа уулзаж байсан ч БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох, цөмийн дэд бүтцийг татан буулгах асуудлаарх хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэлгүй мухардалд орсон.
Түүнээс хойш Хойд Солонгосын цөмийн зэвсгийн нөөц үлэмж нэмэгдсэн гэж Стэнфордын их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн Пхеньяны цөмийн хөтөлбөрийн шинжээч Жеффри Льюис WSJ-д ярьжээ.
Түүний үзэж буйгаар, Хойд Солонгос олон зуун пуужин харвах төхөөрөмж үзүүлж, жил бүр үйлдвэрлэж буй плутони болон өндөр баяжуулсан ураны хэмжээ нэмэгдэж байгаагаас үзэхэд тус улсын цөмийн зэвсгийн нөөц одоогийн байдлаар хэдэн зуун нэгжид хүрсэн байх магадлалтай аж.
Трамп өмнө нь ч Кимтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв
Дональд Трамп 2025 онд Азийн орнуудаар хийсэн айлчлалынхаа үеэр Ким Жон Унтай дахин хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, тухайн үед Пёньян уулзалт хийхэд бэлэн байгаагаа тодорхой хэмжээнд илэрхийлсэн боловч богино хугацаанд уулзалтыг зохион байгуулах боломж бүрдээгүй байна.
Үүний дараа Трамп Ким Жон Унтай хийх ийм хэмжээний дээд уулзалт нь Өмнөд Солонгост БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийхээр төлөвлөсөн уулзалтаас нь ч илүү анхаарал татах боломжтой гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: DW