Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзав.
Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч, зохион байгуулан ажиллаж буйгаа онцлон хэлжээ. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлэхээ мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэж хэлсэн байна.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Хятад иргэдийн, бизнесийн болон хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүсэж, энэ асуудлаар хуулийн байгууллагуудад хандсанаа дуулгасан байна.
Монгол Улс, тэр дундаа Аж үйлдвэр эрдэс баялгийн яам БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хайгуулын ажлаа идэвхжүүлж, нөөцөө нэмэгдүүлэхийг үргэлж зорилгоо болгож ирсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Цаашид Аж үйлдвэр эрдэс баялгийн яам газрын тосны хайгуулын компаниудтай хамтран хайгуулын ажлын онцлогийг харуулсан, олон нийтэд зөвөөр ойлгуулах компанит ажил эхлүүлэх гэж байгааг танилцуулжээ.
Мөн Монгол Улс цаашид БНХАУ-аас тогтмол бүх төрлийн шатахуун худалдан авах зорилготой байгаа ба шатахуун нийлүүлэх байнгийн квот олгох хүсэлтийг цааш уламжилж өгөхийг хүссэн байна.