Герман, Украинтай стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр, мөн хэд хэдэн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Эдгээр баримт бичигт дөрөвдүгээр сарын 14-ний мягмар гарагт Берлин хотноо болсон Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, мөн хоёр улсын хэд хэдэн сайд гарын үсэг зуржээ.

Мерц "Герман, Украины хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч байна" гэж онцолсон байна. Түүний хэлснээр, Украиныг цаашид иж бүрэн дэмжих арга хэмжээнүүдийг тохиролцсон бөгөөд үүнд агаарын довтолгооноос хамгаалах систем, алсын тусгалт зэвсэг, нисгэгчгүй төхөөрөмж болон их бууны сум хэрэгслээр туслах зэрэг багтжээ.

Герман, Украины батлан хамгаалах салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа

Түүнчлэн шинэ зэвсгийн систем боловсруулах зорилгоор байлдааны ажиллагааны талаарх дижитал мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулахаар болжээ. Мерц “Бидний энэхүү хамтын ажиллагаа Украины батлан хамгаалалтад төдийгүй, ялангуяа бидний өөрсдийн аюулгүй байдалд ч ашигтай” гэж онцолсон байна.

Тэрбээр “Сүүлийн хэдэн арван жилд Европын аль ч Зэвсэгт хүчин Украины Зэвсэгт хүчинтэй адил хэмжээнд байлдааны туршлагаар шалгагдаагүй” хэмээн тэмдэглэжээ. Мөн Мерц “Украины нийгэм шиг тэсвэртэй болсон нийгэм байхгүй. Украины батлан хамгаалах аж үйлдвэр шиг инновацлаг болсон батлан хамгаалах салбар Европт байхгүй” гэж нэмж хэлсэн байна.

Мерц ЕХ-нд элсэх Украины зорилгыг дэмжив

Үүний зэрэгцээ Германы Засгийн газрын тэргүүн Украины Европын Холбоонд элсэх зорилгыг дахин дэмжжээ. Түүний үзэж буйгаар, энэ зорилгод ойрын хугацаанд хүрэх боломжтой бөгөөд Украиныг ЕХ-нд элсүүлэх нь Европын хувьд стратегийн ач холбогдолтой алхам болох аж.

Түүнчлэн Канцлер Унгарын Засгийн газар солигдсоноор Украинд үзүүлэх Европын тусламжийг гацаасан нөхцөл байдал хурдан шийдэгдэнэ гэсэн итгэл найдвар бийг илэрхийлжээ. Мөн ОХУ-ын “сүүдрийн флот”-ын эсрэг цаашид авах арга хэмжээнүүдийг зарласан байна.

Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус болон Украины Батлан хамгаалахын сайд Михаил Федоров нар батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Реем Алабали-Радован болон Украины Эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуйн сайд Алексей Соболев нар Украины үйлдвэрлэлийн салбарыг сэргээн босгох, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай зорилгын тунхаг бичигт гарын үсэг зурсан байна.

Зеленский ЕХ болон НАТО-д бүрэн бус гишүүнчлэлтэй байх хувилбарыг няцаав

Берлинд үг хэлэхдээ Зеленский Украиныг НАТО болон Европын Холбоонд бүрэн бус хэлбэрээр элсүүлэх хувилбаруудыг няцаасан байна. Түүний хэлснээр, Украинд “хялбаршуулсан ЕХ, “хялбаршуулсан НАТО” ч хэрэггүй бөгөөд ийм хэлбэрийн зохицуулалт нь хэнд ч ашиг авчрахгүй ажээ.

Үүнээс өмнө Мерц Зеленскийг Берлинд цэргийн хүндэт харуулын ёслолоор хүлээн авсан байна. Мөн хоёр орны удирдагчид Герман, Украины хамтарсан төслүүдийн хүрээнд боловсруулж буй төрөл бүрийн нисгэгчгүй төхөөрөмжийн системүүдтэй танилцжээ.

ХБНГУ-ын нийслэлд болсон хэлэлцээний гол сэдэв нь ОХУ-ын бүрэн хэмжээний довтолгооноос тав дахь жилдээ хамгаалж буй Украинд үзүүлэх цаашдын дэмжлэг байсан аж.

Эх сурвалж: DW